Дональд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаар пүрэв гарагт санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-29 11:23:44

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэл үзүүлэх эсэх /импичмент/ үйл явцыг албан ёсоор эхлүүлэх тогтоолыг батлах санал хураалтыг тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ долоо хоногт явуулахаар болжээ.


Холбогдох мэдэгдлийг Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси хийсэн байна. Тус танхимд суудалтай Ардчилсан намын гишүүд импичментийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн боловч бүгд найрамдахчууд тэднийг ерөнхий санал хураалтаар үйл явцыг зохих ёсоор эхлүүлээгүй гэж буруутгаж байгаа юм. Харин Пелоси танхимынх нь хороодод мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүх эрх байгаа учраас энэ нь шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.


Тэрбээр шинэ мэдэгдэлдээ хариуцлага тооцох үйл явцыг эхлүүлэхийн тулд тогтоол батлах шаардлагагүй бөгөөд үүнийг АНУ-ын шүүх ч нотолсон гэж дахин дурджээ. Гэвч “Ерөнхийлөгч Трамп, Цагаан ордон дахь түүний хуульчид болон Конгресс дахь түүний холбоотнууд Төлөөлөгчдийн танхим зохих зөвшөөрөлгүйгээр шалгалт явуулж байна гэх үндэслэлгүй мэдэгдлийг хэдэн долоо хоногийн турш хийлээ” гэж Пелоси нэмж дурдсан байна. “Энэ долоо хоногт бид манай хороодын явуулж буй мөрдөн шалгах ажиллагааг нотлох тогтоолыг батлах асуудлаар санал хураана” гэж тэрбээр мэдээлжээ.


“Washington Post” сонинд мэдээлснээр санал хураалтыг пүрэв гарагт явуулахаар болсон байна.


Вашингтонд дэгдсэн дуулиан шуугиан

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй долдугаар сард утсаар ярихдаа шахалт үзүүлсэн гэх дуулиан шуугиан дэгдсэн нь итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлэх шалтгаан болсон юм. Трампын улс төрийн өрсөлдөгчдийнх нь мэдэгдэж байгаагаар, тэрбээр Зеленскийтэй утсаар ярихдаа Киевт санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлсний хариуд Америкийн дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байданы хүү Хантерын Украинд явуулж буй үйл ажиллагааг мөрдөн шалгахыг шаардсан байна. Жо Байдены хүү Украины  байгалийн хийн компанитай холбоотой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Жо Байден дэд Ерөнхиийлөгчийн албыг хашиж байхдаа хүүгийнхээ Украины дахь бизнест туслахын тулд тус улсын удирдлагуудад нөлөөлөх гэж оролдсон гэж Цагаан ордны тэргүүн үзэж, үүнийг шалгахыг Украины Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардсан гэх шүүмжлэлд өртсөн юм.  


Цагаан ордон АНУ, Украины Ерөнхийлөгч нарын долдугаар сарын утасны яриаг нийтэлсэн бөгөөд Хантер Байдений эсрэг мөрдөн шалгалт явуулахыг Трамп Украины Ерөнхийлөгчөөс шаардаагүй болох нь мэдэгджээ. АНУ-ын Ерөнхий Прокурорын газрын үүргийг хавсарч гүйцэтгэдэг тус улсын Хууль зүйн яам тэдний утасны ярианаас хууль зөрчсөн, эсвэл цаашид мөрдөн шалгах үндэслэлийг олоогүй байна.


Жозеф Байден 2020 оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай байгаа юм. Тиймээс Трамп төрийн тэргүүнээр дахин сонгогдохын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шууд бусаар шахалт үзүүлэн Киевийн дэмжлэгийг авахыг оролдсон гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж. 


Холбоотой мэдээ