"Шинэ суурьшлын бүс"-д 500 өрхөд газар өмчлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-28 10:01:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сугалаагаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг Баянхонгорт анх удаа энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Хотын төвлөрлийг сааруулах, тэлэх зорилготойгоор "Шинэ суурьшлын бүс"-ийн ажлыг аймаг орон нутгаас эхлүүлсэн бөгөөд тухайн бүсэд шинэ сургууль, эмнэлгийн барилгууд баригдаж, дэд бүтцийн шугам сүлжээг тавьж байгаа юм байна. Баянхонгор сумын Есөнбулаг багийн нутаг дэвсгэр буюу "Шинэ суурьшлын бүс"-д газар өмчлөх хүсэлт гаргасан 2000 гаруй хүнээс эхний ээлжинд 500-д олгохоор нь сугалааны журмаар ийнхүү явуулжээ.  

Баянхонгор сумын 10 багийн иргэдээс нийт 2032 газар өмчлөх өргөдөл ирүүлсэн бөгөөд 21 өргөдөл хүчингүй болж, нийт 2011 иргэний өргөдөл дунд сугалааг явуулж байна. Тус сугалаанд Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багаас 270, Эрдэнэмандал хоёрдугаар багаас 182, Дуурсах гуравдугаар багаас 251, Угалз дөрөвдүгээр багаас 228, Цагаан чулуут тавдугаар багаас 227, Гэгээн шавь зургадугаар багаас 160, Цахир долдугаар багаас 220, Шаргалжуут наймдугаар багаас 22, Есөн булаг есдүгээр багаас 190, Рашаант аравдугаар багаас 261 өргөдөл тус тус иржээ. Ингэхдээ Баянхонгор сумын есөн баг тус бүрээс 50 иргэн, харьцангуй алслагдмал, цөөн хүн газар өмчлөх хүсэлт ирүүлсэн Шаргалжуут наймдугаар багаас 5 иргэн тус тохирлоор газар өмчлөх эрхтэй болгосон байна.

Ташрамд, "Шинэ суурьшлын бүс"-ийг эхнээс нь цэгцтэй, цэвэр орчинтой, эрүүл зөв төлөвлөлттэй байлгах үүднээс Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБГ зэрэг холбогдох байгууллагаас тухайн иргэдтэй газар эзэмшүүлэх гэрээ, хариуцлагын гэрээ зэргийг байгуулж хөрс усны бохирдол үүсгэхгүй, жорлонгийн асуудлаа эко байдлаар шийдэх, дээвэр хашааны нэг жигд өнгийг зааж өгөх зэргээр тодорхой шаардлагуудыг тавих юм байна. 

Холбоотой мэдээ