Монгол орноо "Хүлээсгүй орчил” үзэсгэлэнгээр сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-10-25 13:20:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Хүлээсгүй орчил” үзэсгэлэн Швейцар болон Герман улсад гарчээ.

Монгол орны байгалийн онгон дагшин үзэсгэлэнт төрх, дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлийг харуулсан тус үзэсгэлэнг Швейцар улсын Базел хотын Монгол гэр нийгэмлэг, Лузанн хотын AMSR нийгэмлэг, Герман улсын Frieburg хотын н.Баасанжаргал нартай хамтран зохион байгуулжээ.

Үзэсгэлэнг нээх үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ, Энэхүү үзэсгэлэнгээс монголчууд болон швейцарчууд Монголын сайхан байгалиар аялж, ан амьтны зураг, бичлэгийг үзлээ. Гадаадад өсөж буй монгол хүүхдүүд эх орондоо тэр бүр очиж чаддаггүй. Тиймээс гадаадад байгаа монголчууддаа ийм сайхан мэдрэмж, жинхэнэ Монголоо гэсэн сэтгэгдэл үлдээж байгаад талархаж байна хэмээжээ.

“Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал болсон энэ цагт хүн бүр хүсэл мөрөөдөл зорилгоо нэгтгэх ёстой хэмээн үзэж, "Нэг дэлхий” төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд энэхүү үзэсгэлэнгээ гаргасан байна.

Тэрбээр хэлэхдээ, “Хүлээсгүй орчил” гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэн монгол, швейцар, герман иргэд сэтгэл хангалуунаар сонирхож, жинхэнэ амьд байгалийн эрч хүчийг мэдэрч, зэрлэг ан амьтанг харлаа. Гадаадад амьдарч байгаа монголчууд эх орноороо бахархаж, нутагтаа очсон юм шиг мэдрэмж авлаа, дараа зун Монголынхоо сайхан байгалиар аялахаар шийдсэн гэж байна. Нэг швейцар иргэн “Үнэхээр эрч хүч мэдрүүлсэн гайхалтай зурагнууд байна. Монгол орноор аялахад өнөөдрөөс эхлэн бэлдэнэ” гэж байна. Герман улсын Frieburg хот нь ногоон хот гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ хотын иргэд үзэсгэлэнгийн үеэр “Монгол гайхалтай ард түмэн юм. Олон зуун жил онгон дагшин байгалиа үзэсгэлэнтэйгээр нь авч үлдэнэ гэдэг гайхалтай ухаан шүү” гэж дурдаж байв. Олон хүний сэтгэлд ийнхүү хүргэж чадсанаар үзэсгэлэнгийн маань зорилго биелж эх орноо гадаадад сурталчилсандаа баяртай байна” гэлээ.

     “Нэг дэлхий” төслийнхөн Америк, Япон улсад мөн үзэсгэлэнгээ гаргаж эх дэлхийгээ хамгаалахад уриалах аж.

Холбоотой мэдээ