Үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд иргэдийн бүлгүүдэд тоног төхөөрөмж бэлэглэжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-25 10:13:25

Завхан/ МОНЦАМЭ/. Тосонцэнгэл, Их-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгчдэд "Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төслөөс тоног төхөөрөмж гардуулан өгчээ.  

Тус аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилт тавьж нэн тэргүүнд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь Европын холбоо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл ажээ. Тус төслийн хүрээнд сүүлийн нэг жил гаруй хугацаанд хэд хэдэн төрлийн сургалтууд зохион байгуулж иргэдийг бүлэг болгож хамтран ажиллаж байгаа бөгөөд 62 бүлгийн 470 гаруй гишүүдэд 450 гаруй сая төгрөгийн тоног төхөрөөмжийг олгохоор төлөвлөжээ. 

Энэ удаад Тосонцэнгэл, Их-Уул сумын 12 бүлгээс эхний ээлжинд тавигдах шаардлагыг бүрэн хангасан таван бүлэгт 26 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ. Тухайлбал, жимсний бүлэгт чанагч тогоо, төрөл бүрийн хөргүүр, жимс хатаагч, оёдлын бүлгүүдэд шулуун оёдлын машин, уурын индүү, эсгүүрийн бусад хэрэгсэл зэргийг өгсөн байна. Ингэснээр бүлгүүдийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэлийн чанар сайжрах ажээ.

Өнөөдрийн байдлаар Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтынхоо хүрээнд сум бүрд хоёроос таван жижиг үйлдвэр байгуулж, 24 сум өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байна. 

Холбоотой мэдээ