Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 19:22:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар төслийг боловсруулжээ. 


Мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага болон хувь хүн байхаар зохицуулжээ. Мөн тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотгол авахаар заасан. Салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалаа хүргүүлэх ба яам хүлээж авсан материалыг хүлээн авч Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэнэ. Сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд холбогдох зөвшөөрлөө хуулийн дагуу шаардсан бичиг баримтын хамт бүртгэлийн байгууллагад гаргаж өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мэргэжлийн холбооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дотоод зохион байгуулалт болох хурал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцөлийг мөн тусгасан.



Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны ажил тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны ажил бэхжсэнээр төрийн зарим чиг үүргийг энэхүү хуулийн дагуу байгуулах гэрээний эсхүл хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдэх, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжих, олон жижиг төрийн бус байгууллага нэгдэж цар хүрээ нь тэлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж өсөх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлага нэмэгдэх үр дагавартай болохыг Н.Учрал гишүүн танилцуулсан. Хуулийн төсөл нь тухайн салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр төрийн чиг үүргийг илүү мэргэжлийн түвшинд хүргэхэд түлхэц болох боломжийг нэмэгдүүлэх бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй цаашилбал зарим нэг үр ашиггүй зардал, орон тоог бууруулах боломж бололцоо бүрдэх аж.



Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар зарим зүйлийг тодруулж, тайлбар мэдээллийг Н.Учрал гишүүнээс авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-очир үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ