Хорин сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-23 16:18:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй  “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.


БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд Төслийн удирдах хорооны дарга төслийн үр дүнг танилцуулав.

2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслийн хүрээнд дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, дотуур байранд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт, хүмүүжил, хүнсний хангамжийн чанар, стандартыг боловсронгуй болгох, салбарын төсөв санхүүгийн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц ажлыг хийжээ. Ингэснээр алсалсан сум, орон нутгийн бага ангийн сурагчдын сурах, хөгжих, таатай орчныг бүрдүүлэхэд жишиг болохуйц үр дүнд хүрсэн байна.

Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, дээрх аймгийн 20 сургуулийн дотуур байранд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхэд хөгжлийн төвийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хөгжим тоглоом, хяналтын камерын иж бүрдлийг нийлүүлжээ. Мөн дотуур байрны багш, жижүүр, тогооч, эмч, нягтлан бодогч, захирал, удирдлагуудыг чадваржуулах сургалтыг үе шаттай зохион байгуулсан байна

Холбоотой мэдээ