Худалдан авах ажиллагааны “А3” гэрчилгээжүүлэх сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутагт
худалдан авах ажиллагааг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороонд орж
ажиллах эрх (“А3” гэрчилгээ) олгох сургалтыг энэ
сарын 20-24-нд Дундговь аймагт зохион байгуулж байна.
“Тогтвортой
амьжиргаа-3”
төслийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь орон нутагт худалдан авах ажиллагааг
хуулийн дагуу явуулах чадавхтай
хүний нөөцийг бэлтгэх зорилготой ажээ.
Тус сургалтад
15 сумаас тус бүр 2 хүн нийт
30 албан хаагч, иргэн оролцож байна. Оролцогчид “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тухай хууль, холбогдох журмуудын талаар
мэдлэгтэй болсны үндсэн дээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тендерийн
үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болох юм.
“Тогтвортой
амьжиргаа-3”
төсөл 2017 оноос хойш “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн оролцогч талуудыг чадавхжуулах үйл ажиллагааг
тогтмол хэрэгжүүлж байгаа ба 2019 он гарсаар “А3” гэрчилгээ олгох хоёр дахь
удаагийнхаа сургалтыг ийнхүү зохион байгуулж байна.