Л.Тунгалаг: Иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-23 17:46:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Л.Тунгалаг үйлчүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Тэрээр саяхан болсон аймгийн үзэсгэлэн худалдаанд мах махан бүтээгдэхүүнээрээ оролцож, органик бүтээгдэхүүний шагнал гардан авсан юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцлаа.

 

-Юуны өмнө шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та энэ удаагийн үзэсгэлэнд хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцов?

-Би энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 13 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон. Энд мах, махан бүтээгдэхүүн, дарсан ногоо, жимсний шүүс, зөгийн бал, зөгийний бүтээгдэхүүн гээд.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг талаараа сонирхуулаач. Одоо чинь иргэд цэвэр, эко, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нэлээд худалдан авдаг болж. 

-Тийм шүү. Би өрхийн үйлдвэрлэлээрээ бүтээгдэхүүнээ хийж байна. Тухайлбал стүжингээ вакуумжуулаад битүү уутанд хийж, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд худалддаг. Мөн гахайн утсан толгойгоо тусгай төхөөрөмжид хийн давхар утлагаар утаж болгоод, хүнсний уутанд хийж үйлдвэрээс гаргадаг. Би өөрөө төмс, хүнсний ногоо тарьдаг. Ногоогоо хурааж аваад өөрөө гараараа даршилж нөөшилнө. Харин жимс, жимсгэнээ хашаанаасаа хурааж авдаг. Үүнийхээ шүүсийг цэврээр нь боловсруулан гаргадаг. Буцалгаж чанарыг нь алдагдуулахгүйгээр цэвэр өөрийнх нь шүүсийг шахаж гарган, цэвэр шүүсээр иргэддээ худалдан үйлчилдэг.

-Та бас зөгийн төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй иржээ. Сав баглаа нь их олон янз байх чинь?

-Манайх хэдэн бүл зөгийтэй. Түүнийхээ балыг хураан авч, зөгийнөөсөө олон төрлийн бүтээгдэхүүн авдаг. Зөгий чинь ерөөсөө их ашиг тустай, хаях юм байдаггүй эмч амьтан шүү дээ. Би зөгийн балаа ургамал ургамлаар нь, хүний авах хэмжээгээр савлаад 5, 7, 10, 15, 20 мянга гэсэн үнэтэйгээр хэрэгцээнд нь зориулан худалдаалж байна. 



Холбоотой мэдээ