Буриадынхан “Мой бизнес” төслөө танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-22 17:07:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл манай улсад ирээд байна.

Тэд тус улсын “Мой бизнес” төслийн талаар өнөөдөр “Рамада” зочид буудалд танилцууллаа. Энэ талаар ОХУ-ын Буриад улсын Экспортыг дэмжих төвийн менежер Юлия Шалобалагаас тодруулбал, “Манай төслийн гол зорилго нь Буриад улсын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд гаргахад туслаж дэмжих явдал юм. Тодруулбал, Буриадын бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарахад нь замын зардлаас эхлээд тээвэр, байрлах зочид буудал, хоол унд гээд бүх талын хэрэгцээг ханган ажилладаг.


Мөн улс дотроо компани, ААН-ийг бүртгүүлэхээс аваад үйл ажиллагаа явуулах, бүтээгдэхүүнээ экспортлоход бэлтгэх бүх талын сургалт явуулж зөвлөгөө өгдөг. Бүр дагаж, хөтөлж явдаг” гэв.

“Мой бизнес” төсөл нь зөвхөн Буриадын бизнес эрхлэгчдэд туслаад зогсохгүй, ОХУ болон Буриад улсад ирж буй гадаадын компани, ААН-үүдэд хамтран ажиллах, ижил төрлийн компаниудтай харилцах, гэрээ байгуулахад мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр ханган бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг хооронд нь уулзуулж, нэг ёсны хөтөч хийн бодит байдлаар ажилладаг гэв.


Өнөөдрийн уулзалтад ОХУ-ын Буриад улсын аялал жуулчлал, тээвэр-ложистик, ХАА, хүнс, хөнгөн үйлдвэрийн “Дебют”, “Санса”, “Гаг”, “Аквасервис”, “Буян”, “АгроТранс”, “Транс-Экспресс”, “Байкал Экотур”, “Газар” зэрэг 8 компанийн төлөөлөл оролцож бизнесээ танилцууллаа. Монголын талаас уулзалтад Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөл болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцов.






Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ