Нийслэлд утаа хянах цэгүүд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-22 14:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхий нүүрс түлэхгүй, нэвтрүүлэхгүй байх үүднээс нийслэлд өндөрлөг газруудад утаа хянах цэг ажиллаж буй талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өнөөдөр мэдээллээ. Мөн зөрчлийн дуудлага хүлээн авах 7012-8012, 7777-5000 /5/ дугаарын утас ажиллаж байгааг мэдэгдэв.

Тэрээр, “Иргэд угаарын хийнд хордож амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллага анхаарлын гадна үлдээхгүй. Шахмал түлштэй холбоотой хэд хэдэн хэрэг зөрчлийг шалгаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага тодорхой чиг үүрэгтэй ажиллаж байна. Хэрэг зөрчлөөс сэргийлэх талаар олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна” гэв.


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээгээр өчигдөр орой гэхэд нийслэлд түүхий нүүрс нууцаар түлэх, нэвтрүүлэх гэсэн 36 зөрчил гарчээ. Өчигдрөөс эхлэн зөрчлийн хэрэг үүсгэхээр болж прокурорын байгууллагад хандсан. Түүхий нүүрс зөвшөөрөлгүй түлэх, нэвтрүүлэхэд иргэн 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл, ААН, байгууллага 10 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалт бий гэж байв.

10-р сарын 22-ны байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт угаарын хийн хордлогын улмаас 48 иргэн эмчилгээ хийлгэж байна. Угаарын хийнд найман хүн хордож нас барсан. Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж.


Угаарт хордсон айлуудын 66 нь гэрт, 150 нь байшинд галласан байна.


Хэвлэлийн бага хуралд оролцсон НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ, Угаарт хордсон дуудлага Сонгинохайрхан дүүргээс хамгийн их ирж байгаа. Угаарт хордсон айлуудын 66 нь гэрт, 150 нь байшинд галласан байна” гэлээ. Тэрээр, нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэхэд сайжруулсан шахмал түлшинд эргэлзэх юм байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийг өдөр бүр хянан ажиллаж байна. Тиймээс зөв галлагаа, аюулгүй байдалд бүх нийтээрээ анхаарахыг уриалсан юм.

Мэдээллийн үеэр айлуудад хуваарилах угаар мэдрэгч буюу дохиоллыг дэлгэн тавьсан байв.  


Б.Болд

Холбоотой мэдээ