Д.Ариунцэцэг: 2020 онд Ганга нуур орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-22 10:39:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ганга нуурыг сэргээх, тохижуулах ажил улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Уг ажлын гүйцэтгэл хэрхэн үргэлжилж байгаа талаар Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэгээс тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар ажил ямар түвшинд явж байна вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум төгрөгийн ажил хийхээс 2019 оны ажил эхлээд нэлээн үр дүнтэй үргэлжилж байна. Ганга нуурын ойр орчимд байгаа нийт 39 өрхийн 40 мянган малыг ерөнхийдөө нүүлгэж, нуурыг малын хөлөөс чөлөөлөөд байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн засаг захиргаа болон хамгаалалтын захиргаа, малчид гурвалсан гэрээ байгуулсан. Улмаар нүүх айлуудад шинээр худаг гаргах цэгийг тогтоогоод, одоогийн  байдлаар худгийн ажил эхлээд явж байна. Нийт арван худаг гаргана. Малчдаасаа саналыг нь авч арван худгийнхаа цэгийг бүрэн тогтоогоод байна. Мөн бид энэ ондоо багтаад Ганга нуурын  орчимд татах 20 км хашааны ажлын зураг төсөл нь гарсан.

-Энэ ажлууд ондоо багтаж дуусна гэсэн үг үү?

 -Тийм ээ.  2019 онд багтаж хийж дуусгана.  2020 онд Ганга нуур орчмын тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 20 га газрын ойжуулалт, мод үржүүлгийн газрыг байгуулах гэсэн ажлууд төлөвлөгдсөн байгаа.

-Ганга нуурыг малын хөлөөс чөлөөлөх ажилд малчид хэрхэн хандсан бэ?

утгийн иргэд өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч дэмжсэн. Энэ бол дан ганц Ганга нуурыг авраад зогсохгүй Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын бүс нутаг, цаашлаад зүүн бүсийн аялал жуучлалын төв болох учраас нутгийн иргэд энэ ажлыг маш таатайгаар хүлээн авч байгаа. Яахав, ганц нэг эсэргүүцэлтэй тулгарсан л даа. Малчдын хувьд хамгийн чухал зүйл бол худаг ус байдаг. Үүнийг нь төрөөс шийдээд өгч байгаа учир ойлголцоод нүүсэн.

-Аймаг орон нутгийн зүгээс болон албан байгуулагууд өөрсдийн санаачилгаар өнгөрсөн жилүүдэд Ганга нуурын эргэн тойронд маш их мод тарьсан шүү дээ.  Тарьсан модны ургалт хэр байгаа вэ?

-Ганга нуурын төлөө зүрх сэтгэлээ зориулсан хувь хүмүүс, албан газрууд олон төрлийн ажил хийсний нэг нь мод тарьсан явдал.  Модны ургалт харьцангуй сайн, 70-80 хувьтай байна гэж дүгнэгдсэн.

-Ганга нуурын ширгэх болсон гол шалтгааныг маш олон талаас нь эрдэмтэн шинжээчид тайлбарлаж байгаа. Гол асуудал нь нуурын гүнд их хэмжээний лаг хуримтлагдсантай холбоотой гэсэн. Энэ лагийг гадагшлуулах ажлыг хэрхэн хийх вэ?

-Тийм ээ. Үүнийг мэргэжлийн хэллэгээр лагшаас авна гэж ярьдаг юм байна лээ. Энэ ажлыг мөн 2020 онд хийхээр төлөвлөсөн.

-Аялал жуулчлалын гол цэг болох тухай гэж Та хэллээ. Ер нь өнгөрсөн зун Ганга нуурыг хэчнээн жуулчин зорин ирсэн бэ? Иргэдээс ямар байдлаар төлбөр хураамж авдаг вэ?

 -Тэгэлгүй яахав. Улсын тусгай хамгаалалттай газар нэвтэрч байгаа гэдэг утгаараа нэг хүнээс тасалбарын 300 төгрөг авдаг. Таслагдсан тасалбарын тоогоор энэ оны есөн сарын байдлаар зургаан мянга гаруй хүн зөвхөн Ганга нуурыг зорин ирсэн байна. Гэтэл цаана нь тасалбар аваагүй маш олон хүн байгаа. Ерөнхийдөө жилээс жилд жуулчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Мөн иргэд ихэвчлэн зуны цагт ирдэг байсан бол сүүлийн үед улирлын хамааралгүй болж, жилийн дөрвөн улиралд манай нутгийг гадаад, дотоодын жуулчид зорин ирэх болсон. Энэ бол бид зөв ажиллаж чадвал аялал жуулчлалын бүс нутаг болгох боломжтойг харуулж байгаа юм.

-Ганга нуур ширгэж үгүй болох аюулд орлоо гэж Сүхбаатарчууд төдийгүй Монголын маш олон хүн сэтгэл зовниж байсан. Харин сүүлийн нэг жилд харьцангуй сайн сэргэсэн. Яг хэдий хэмжээнд хүрсэн бол, усны түвшинг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон уу?

-Ганга нуурын усны түвшин байгаль цаг уур, тухайн жилийнхээ хур тунадасны хэмжээнээс шалтгаалдаг. Энэ жил хур тунадас арвин байсан учир усны түвшин харьцангуй сайн байна. Ус цаг уур, орчны төвийн хэмжилтээр нуурын гүн дэх бүх цэгүүдээр ус сайн гарч байна гэж дүгнэсэн.

-Тулгамдаж буй хүндрэл бэрхшээл юу байна?

Бидэнд хамгийн хүнд асуудал машин байсан. Харин өнгөрсөн сард БОАЖЯ-наас шинэ машин олгосон нь биднийг ажлаа хурдан шуурхай, үр дүнтэй хийх боломжийг олгож байгаа юм. Одоо бид зөвхөн урагш хараад ажлаа эрчимжүүлэх л үлдээд байна. Үүний төлөө ч бид хичээж байгаа.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ