Амстердамын нисэх онгоцны буудалд 3 хүнийг баривчлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГААГ. /TASS/. Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх онгоцны буудалд гурван хүнийг баривчилжээ. Энэ тухай тус улсын радио телевизийн корпораци мэдээлсэн байна.
Тус корпорацийн мэдээлснээр, лхагва гарагт шилжих шөнө нисэх онгоцны буудлын аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор цуврал баривчилгаа явуулжээ.
Эхний хүнийг орон нутгийн цагаар 21 цаг 30 минутад "Схипхол-Плаза" худалдааны төвөөс автомашины зогсоол руу явж байхад нь баривчилсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, сэжигтэн эрэгтэй зугтахыг оролдсон боловч хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд түүнийг баривчилжээ. Уг эрэгтэй чемодан барьж явж байсан бөгөөд түүн дотор юу байгааг магадлахын тулд мина аюулгүй болгох робот бүхий шинжээчдийн багийг дуудсан байна.
“Үүнээс төдий удалгүй хяналтын цамхагийн орчимд сэжиг бүхий ачаа авч явсан хоёр залууг баривчилсан” гэж Нидерландын телевизийн суваг мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн ачаа тээш яагаад сэжиг төрүүлсэн тухайд цагдаагийнхан тодорхой зүйл дурдсангүй.
Үүний дараахан цэргийн цагдаа нар дөрвөн хүн сууж явсан Бельги улсын дугаартай автомашиныг зогсоосон байна. Цагдаа нар нэгжлэг хийснийхээ дараа тэднийг суллан явуулжээ.
Одоо Амстердамын нисэх буудалд байдал хэвийн болж байна.
Нисэх онгоцны буудлын төлөөлөгчдийн ярьснаар “агаарын харилцааг одоогоор зогсоогоогүй бөгөөд хуваарьт нислэгүүд сааталгүй хэвийн үргэлжилж байгаа аж”.
Д.Жаргал