Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-10-16 14:37:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэх болоод мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгааг дурдаад холбоод хоорондын харилцаагаа улам бэхжүүлж Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам болохтой холбогдуулан спортын олон төсөл хэрэгжүүлж буйн дотор дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай барьсан талаар хэлж, цаашдаа битүү дээвэртэй хөлбөмбөгийн стадион барих асуудлаар ярилцлаа. Хөлбөмбөгийн стадион барихад ОУХБХ-ны зөвлөгөө, арга туршлага зайлшгүй хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод энэ асуудлаар Монголын хөлбөмбөгийн холбоонд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр одоо байгаа хөлбөмбөгийн талбай дундаас хоёрыг нь Air dome ашиглан битүүлэх, шаардагдах зардлыг 50, 50 хувиар гаргах асуудлаар ойлголцолд хүрсэн юм.

Мөн багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх нь өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүмүүжилтэй болоход томоохон түлхэц болдог учраас сум орон нутгийн гэлтгүй хөлбөмбөгийн талбайг шинэчлэх ажил эхэлсэн тул багш бэлтгэх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг дэмжлэг хүсэж, холбоод хооронд хамтран ажиллахаар тохирлоо.

Холбоотой мэдээ