“Интернэтийн хурд өсч, үнэ буурлаа” аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-12 18:31:27

Интернэтийн хурд хөдөө орон нутагт өссөнтэй холбогдуулан МЦХ ХК “Интернэтийн үйлчилгээний хурд өсч, үнэ буурлаа” хэмээх нэг сарын аяныг эхлүүлж байгаа талаар Дундговь аймгийн холбооны газраас мэдээллээ.

Уг аян нь мэдлэг, мэдээллийг түгээж айл өрх бүрийг интернэтээр хангах, эрүүл хэрэглэгээг дээдлэн айл өрх бүрийг суурин утастай болгох зорилготой бөгөөд хэрэглэгчиддээ хэд хэдэн давуу боломжийг олгож байна.

Тодруулбал, бүх хэрэглэгчдээ МИП 70 үйлчилгээний дугаар үнэгүй өгөх бол шинэ хэрэглэгчдэд суурин утасны аппарат хөнгөлөлттэй нөхцөлөөр, хуучин хэрэглэгч гэрээгээ шинэчлэн хийж тодорхой болзолыг хангавал суурин утасны аппарат үнэгүй авах боломжтой юм байна. Албан байгууллагуудад мөнгө болон хүрэл дугаарыг хөнгөлөлтэй үнээр болон үнэгүй төлбөргүй өгөх ажээ.

Хэрэглээ хязгааргүй, үнэ хамгийн хямд, суурин утас давхар ашиглах боломжтой, техникийн нөхцлийг нь үнэгүй шалгаж,  гэмтэл гарсан үед дуудлагаар засварладаг, ашиглахгүй нөхцөлд түр хаалгаж, дараа нь хоногоо нөхөж авдаг гээд бусад интернэт үйлчилгээнээс давуу боломжийг бүрдүүлсэн интернэтийг тус компани хэрэглэгчиддээ санал болгож байна.

Өчигдрөөс хуучин хэрэглэгчид интернэт ашиглах гэрээгээ шинэчилж эхэлсэн бөгөөд МЦХ ХК- ийн интернэт үйлчилгээг Дундговь аймгийн хувьд 12 сумын 400 гаруй хэрэглэгч ашигладаг ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ