“Tencent” компани “NBA”-н тоглолтуудыг нэвтрүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-15 11:24:18

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын “Tencent” компани АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ улирлын өмнөх тоглолтуудыг нэвтрүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт дэгдсэн маргааны улмаас Хятадын олон компани “NBA”-тэй тогтоосон харилцаагаа түр хугацаагаар зогсоогоод байсан юм.


Даваа гарагт “Tencent” хоёр тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн нь Торонто хотод болсон “Торонто Рэпторс”, “Чикаго Буллз” багийн тоглолт, Миннесота муж улсад болсон “Миннесота Тимбервулвз” болон Израилын “Маккаби Хайфа” багийн тоглолт байжээ.


Tencent” компани нь Хятадад “NBA”-н тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх онцгой эрхтэй бөгөөд Хонконгийн жагсаалын талаарх “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дерил Моригийн жиргээнээс үүдэлтэй маргааны дараа “NBA”-н эсрэг хариу арга хэмжээ авсан Хятадын олон компанийн нэг юм.


NBA”-н тоглолтуудыг үргэлжлүүлэн шууд дамжуулан үзүүлсэн талаар “Tencent” компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Хятадад болох тоглолтууд”-ыг нэвтрүүлэхгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн гэжээ. Хятадын “Weibo” нийгмийн сүлжээний хэрэглэгчид Tencent” компанийн шийдвэрийг янз бүрээр хүлээн авсан бөгөөд зарим нь хурцаар шүүмжилсэн байна.


Хятад болон Хятадын компаниудын хувьд “NBA” чухал ач холбогдолтой гэдгийг “Tencent” компанийн байр суурь харууллаа хэмээн ажиглагчид үзэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд л гэхэд 500 сая орчим хүн “NBA”-н хөтөлбөрүүдийг “Tencent”-ээр үзжээ. 

Холбоотой мэдээ