122 тарваганы махыг Зооноз өвчин, судлалын төвд шилжүүлэн устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-14 18:33:36

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас ой, ан байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж гаргаж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Эко“ эргүүл хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын явцад Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Б нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн 99 ширхэг тарваганы махыг тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 36 сая 420,0 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Харин 99 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд шилжүүлэн, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгасан байна.

Мөн аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн Хангай сумын иргэн Э нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 23 ширхэг тарваганы махыг тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 8 сая 570,0 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Тээвэрлэж явсан 23 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин, судлалын төвд шилжүүлэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгалыг хийлгүүлжээ.

 “Эко“ эргүүл хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсан 5 зөрчлийг илрүүлэн, харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ