Д.Батсуурь: Нэг ч гэсэн амьтны амь таслуулахгүйн төлөө ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-15 09:13:46

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Хөндлөн хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурьтай цөөн хором хөөрөлдлөө.

-Усны шувууд буцаж байна. Тэгэхээр энэ жил чиний хариуцсан хэсэгт усны шувуу агнасан зөрчил гарсан уу?

-Энэ жил ангийн зөрчил гараагүй. Миний хариуцсан хэсэгт бор галуу их байдаг. Нэг ч гэсэн амьтны амийг таслуулахгүйн төлөө ажиллаж байна. Байгаль хамгаалагчийнхаа хувцастай явж байхад ард иргэд хүндэтгэж харьцдаг. Энэ зун би Увс нуур луу орж гарах постыг ажиллуулсан болохоор долоо хоногт нэг л удаа гэртээ харьж байсан. Тэгэхгүй бол хүмүүс Увс нуурын хориотой бүс рүү ороод янз бүрийн асуудал үүсгээд байдаг. Ер нь бол хавар усны шувуу ирэх үеэс эхлээд галууны хэрүүл хийгээд л, намар нь хадлангийн хэрүүл хийгээд л, зунд нь Увс нуур луу орох тасалбар таслаад л байж байна даа.

-Байгаль хамгаалагчаар хэчнээн жил ажиллаж байгаа вэ?

-Би гурав дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Миний аав Улчаан Дорлиг гээд Тэс сумын байгаль хамгаалагчаар насаараа ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хүн бий. Би 5 дахь хүүхэд нь. Удам дамжсан байгаль хамгаалагч болсондоо маш их бахархаж явдаг.

-Байгаль хамгаалагчийн ажлын жаргал зовлон юу вэ?

-Байгаль хамгаалагчийн ажил бол гэр орноосоо хол, хөдөө хээр их явдаг онцлогтой. Ажлаа хийгээд явж байтал нутгийн иргэд ан хийж таарах үе бий. Таньдаг хүн байна гээд зөрчил гаргуулаад байж болохгүй, хуулиа барьж ажилладаг. 2018 онд ард иргэд Увс нуурын хязгаарлалтын бүс рүү орж зэгс ихээр хадсан явдал гарсан. Би хяналт шалгалтаар ажиллаж байх явцдаа 6 зөрчил илрүүлж, бүгдийг нь 500 мянган төгрөгөөр торгож, 3 сая төгрөгийн орлого улсад оруулж байсан. Түүнээс хойш зөрчил гарах нь харьцангуй багассан даа.

-Баярлалаа.                      

 

Холбоотой мэдээ