Дэлхийн анхны романаас сэдэвлэсэн жүжиг тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-14 15:01:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Хоридын сарнаар" нэг хүний жүжгийг Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрт энэ  сарын 20-нд тоглоно. Жүжгийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл ажиллажээ.

Японы зохиолч Мүрасаки Шикибү хэмээх манай эриний есдүгээр зуунд буюу хэйан эриний үед амьдарч байсан язгууртан эмэгтэйн бичсэн "Гэнжийн туульс" хэмээх романаас сэдэвлэсэн энэ жүжгийн Кокидэн хатны дүрд "Гэгээн Муза" Олон улсын театрын их наадмын нэг хүний жүжгийн төрөлд, шилдэг эмэгтэй жүжигчин алтан цомыг хүртсэн Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин МУСТА Ч.Уранбилэг тоглоно.

Хатан эх Кокидэн өнгөрөгч амьдынхаа үйлийг дэлгүүлж, хойдын насныхаа цээрийг сонсохоор Дэнслэгчийн шүүлтийн өмнө ирж:

-Ял зэмгүй нартын дор гишгэлж ирсэн энэ Кокидэнийг

Дэнслэгч та хатуу чандаар шийтгэж, сүнсийг минь

Дээд орноо суудалгүй, доод орноо гүйдэлгүй

Мөнхийн шаналант завсрын орноо хорьж хайрла

Мөргөн байж гуйя…гэж жүжиг эхэлнэ. Ийнхүү  6 үзэгдлийн турш 500 гаруй шүлгээр өрнөх нь найруулагч, жүжигчдээс багагүй ур чадвар шаардаж буй аж.

Японы сонгодог уран зохиолын үнэт өв, дэлхийн анхны романы нэг гэгдэх  энэ зохиолын эхний хоёр  дэвтрийг япон хэлнээс орчуулагч О.Жаргалсайхан хөрвүүлэн монгол уншигчдад хүргэсэн юм.


Холбоотой мэдээ