Турк руу зэвсэг экспортлохоо хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-13 13:27:24

ПАРИС. /Sputnik/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Туркийн цэргийн ажиллагааг зэмлэн буруушаагаад, түрэмгийллээ нэн даруй зогсоохыг Анкарад уриалсан байна.


“Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулж буйтай холбогдуулан Туркт нийлүүлэх зэвсгийн худалдааг хойшлууллаа” гэж Францын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамнаас бямба гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Туркийн лхагва гарагт эхлүүлсэн “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа нь хилийн бүсийг Курдүүд болон “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос ангижруулах зорилготой боловч газрын болон агаарын цохилтуудын улмаас олон энгийн амиа алдсан байна.


Уг ажиллагааг Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэмээн Дамаск үзэж байгаа бөгөөд ОХУ тэргүүтэй олон улс орон цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт хандан уриалжээ.


Туркийн эсрэг хориг арга хэмжээ авж магадгүй хэмээн АНУ мэдэгдсэн боловч ийм заналхийлэл цэргийн ажиллагаагаа зогсооход нөлөөлөхгүй гэж Турк хариу мэдэгдэл хийсэн байна. 

Холбоотой мэдээ