Өвөрхангайн барилгачид 60 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-11 20:38:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангай аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Аймгийн ГХБХБГ болон барилгачдын холбооноос ойн баярын хурлаа зохион байгуулж, түүхэн хөгжлийнхөө ололт амжилтыг дурдан тэргүүний хүмүүсээ шагнан урамшуулж байна.

Ойн баярт салбарын яамны төлөөлөгч, аймгийн удирдлагууд оролцож, баяр хүргэлээ. Өвөрхангай аймаг дахь барилгын салбарын түүхэн замнал нь аймгийнхаа хөгжил, дэвшилтэй салшгүй холбоотой. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Өвөрхангай аймаг 31 сумын бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан бөгөөд  аймаг, сумаа бэхжүүлж хөгжүүлэх их ажил барилгын шав тавихаас эхэлж байжээ.

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1959 оны 4 дүгээр сарын 20-ны 152/139 тоот тогтоолоор Барилга угсралтын салбарыг Хархорин сумын төвд байгуулан албажуулж, 1987 онд Арвайхээр хотноо Барилга угсралтын трест болгон өргөжүүлсэн байна. Өвөрхангай аймгийн барилгын салбарт БНМАУ-ын гавъяат барилгачин 1, БНМАУ-ын аварга барилгачин 11, улсын тэргүүний барилгачин 28, аймгийн аварга барилгачин 50 гаруй гэхчлэн хошуучлан манлайлагч олон барилгачид ажиллаж байв.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт барилгын салбарт 52 компани ажиллаж байгаагаас барилга угсралт, засварын 4, зураг төслийн 2, барилгын материал үйлдвэрлэлийн 5, геодозийн 1 аж ахуйн нэг тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ