Охидын эрхийн өдрийг тохиолдуулан МЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-11 16:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байна.


Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд  УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн анхаарал хандуулж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.


“Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчид УИХ-ын даргад хандан зарим санал дэвшүүлж байгааг Б.Оюунгэрэл танилцуулав. Тухайлбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “хүчиндэх” гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, ийм төрлийн гэмт хэрэг өдүүлсэн этгээдийн ялыг заавал биеэр эдлүүлэх, ямар нэг өршөөл, уучлалд хамруулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог болох зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Гэр бүлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлийг оролцуулж, саналыг тусгах талаар анхаарч ажиллахыг хүслээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төслийн хэлэлцүүлэгт МЭХ, хуульчдыг оролцуулахыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт үүрэг болгов.  

Холбоотой мэдээ