“NBA”-н Хятадын түншүүд харилцаагаа түр хугацаагаар зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-10 10:24:33

БЭЭЖИН. /CNN/. Хонконгийн жагсаалын талаарх жиргээтэй холбоотойгоор АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ Хятадын албан ёсны түншүүд харилцаагаа түр хугацаагаар зогсоох юм уу цуцлах шийдвэрийг гаргажээ.


NBA”-н Хятад дахь албан ёсны түнш 11 компани тус холбоотой байгуулсан бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн байна. Хятадын аяллын “CTrip ” цахим хуудас мягмар гарагт мэдэгдэхдээ, “NBA”-тэй холбоотой бүх тасалбар, аяллын бараа бүтээгдэхүүнийг платформоосоо буулгана гэжээ. Мөн Хятадын сүү үйлдвэрлэгч “Mengniu Dairy” компани “NBA”-тэй арилжааны хамтын ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож буйгаа мэдэгджээ.


Түүнчлэн түргэн хоолны “Dicos” сүлжээ “NBA”-тэй холбоотой маркетинг, зар сурталчилгаагаа түр хугацаагаар зогсоохоор төлөвлөсөн гэдгээ зарласан бол арьс арчилгааны “Wzun” брэнд мөн бүх төрлийн хамтын ажиллагаагаа зогсоосон байна.


Эдгээр үйл явдал нь "Хьюстон Рокетс" багийн ерөнхий менежер Дэрил Мори өнгөрсөн баасан гарагт “Твиттер” хуудсандаа Хонконгийн жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлснээс үүдэлтэй юм.


Д.Моригийн жиргээнээс хойш “NBA”-тэй хамтран ажилладаг Хятадын олон компани бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох юм уу цуцалсан бөгөөд тэдгээрийн дунд “NBA”-ын Хятад дахь дижитал түнш “Tencent” улирлын өмнөх тоглолтуудыг шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Мөн Хятадын нийгмийн сүлжээний олон хэрэглэгч “NBA”-н арга хэмжээнүүдийг бойкотлохыг уриалсаар байгаа аж. Хятадын зах зээл “NBA”-н одоогийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд 2030 он гэхэд 20 хувь хүрэх төлөвтэй байжээ.

Холбоотой мэдээ