С.Мягмаржав: Трактор комбайнчийн мэргэжил эзэмшүүлэхдээ агротехникчийн мэдлэг давхар олгодог байсан

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-13 11:44:45

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Хутаг-Өндөр сумын ахмад тариаланч Монгол Улсын гавьяат механикжуулагч Санжийн Мягмаржавтай уулзаж ярилцлаа. Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэнд шинэ сангийн аж ахуй байгуулалцаж, атрын шан татаж явсан олон тариаланчийн нэг юм.


- Атар газартай амьдралаа холбох болсон тухайгаа хуучилна уу?

- Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1965 онд 7-р анги төсөөд аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1967 онд Тариалан суманд трактор комбайнчийн түр курст нээгдэхэд тэнд нэг жил суралцаж, трактор, комбайнч болсон. 1968 оноос Тариалангийн сангийн аж ахуйн Хонгор, Тархи гэж тариа тарьдаг байсан нутагт тариаланчийн ажлын гараагаа эхэлж байсан. Тэр үед “ДТ-54”, “5С” трактор, “СК-3” комбайн байлаа. 1959 онд атар эзэмшихэд ОХУ-аас орж ирсэн техникүүд байсан. 1970-аад оноос “ДТ-75”, “СК-4” комбайн орж ирж байсан. 1975-1978 оноос “СК-5” комбайнтай болж “онгоцонд суусан юм шиг” сайхан санагддаг байв. Хурд, хүчтэй, бүтээл өндөртэй байсан. 1978 онд Магсаржав сангийн аж ахуй шинээр байгуулагдахад Тариалан сумаас газар, хөрөнгөтэйгөө шилжиж ирсэн. Энэ нутагт 40 гаруй жил ажиллаж амьдарч байна. Насаараа трактор комбайнч явлаа.

- Таныг ид залуу явахад газар тариалангийн салбарыг хөгжүүлэх талаар анхаарч, тариаланчдыг ч их дэмждэг байсан байх аа.

- Тэр үед социалист уралдаан гэж бидэнд тулгуу үүрэг даалгавар их өгдөг байсан. Чи энэ жил тэдэн жилийн ажил хий гэж. Би таван жилд 7-8 жилийн ажил хийж байсан. Хамгийн их нь таван жилд 17 жил хоёр сарын ажил хийж дээ. Төв аймгийн Алтанбулагийн сангийн аж ахуйн трактор комбайнч Алтанхүү баатрын туршлагаар ажилла, таван жилд 15 жилийн ажил хий гэж сангийн аж ахуйн агрономич Эрдэнэбилэг, сангийн аж ахуйн дарга байсан Динаажав нар хатуу үүрэг өгч байсан. Би VII таван жилд 15 жилийн ажил хийхээр үүрэг амлалт аваад 17 жил 2 сарын ажил хийж гүйцэтгэсэн. Үүрэг амлалтаа давуулж биелүүлж тухайн үедээ намын 19-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцож байсан.

- Хөдөлмөрийн амжилтаар ямар нэгэн болзол хангах шаардлага тавьж байсан уу?

- 1984 онд аймгийн намын хорооны даалгавраар “Сансар” тэжээлийн аж ахуйд тариа хураагаад “улсын аваргын болзол хангаж ир” гэсэн. Манай нутагт ургац алдаж байсан жил. Намайг тариатай газар руу намын даалгавраар явуулж улсын аваргын болзол хангуулж байсан. 1984 онд 1400 тонн будаа хураасан амжилтаар улсын аварга болж байлаа.

- Та олон шавьтай. Харин таны ажил сургасан багш нар ямар хүмүүс байв?

- Намайг атрын аж ахуйд ажилд ороход арваад жил ажилласан механикжуулагчид бүх юмыг заасан. Тэд механикчийг орлож, инженерийн хэмжээнд зааж сургадаг байсан юм. Тариалангийн сангийн аж ахуй улсын 10 гаруй аваргатай. С.Пүрвээ гэж улсын хоёр удаагийн аварга трактор комбайнч, Сэдэд гээд улсын аварга байлаа. Тэдний ач буянаар л тариаланч болсон. Тэр үеийн трактор комбайны жолооч нарыг бэлтгэхдээ агротехникчийн анхны мэдэгдэхүүн олгож байсан юм шүү дээ. Тариаг яаж таривал ургац авах вэ? Хэдий хэмжээний гүнд үр суулгах вэ, ямар хэмжээтэй тариаг ангилах вэ, ямар болцтой тариаг шууд хураах вэ гэдэг мэдлэгийг суулгаад өгчихсөн. 40 см хүрээгүй түрүүтэй тариаг ангилдаггүй байсан шүү дээ. Их доогуур хадуулдаг. Толгойгоо даахгүй налж унасан тариаг авахын тулд их доогуур хадуулна. Өдрийн норм их өндөр. Нормоо биелүүлбэл үнэгүй хоолоо иднэ. Биелүүлэхгүй бол үнэтэй хоол иднэ гэсэн уриатай ажиллаж байж дээ. Уралдаан хүнийг их ажилд түлхэж байсан л даа. Одоогийн залуучуудад төлөвлөгөө норм, өдрийн норм гэж байдаггүй юм шиг байна.  Компанийн мөнгийг олж өгч байвал тэр хүний амжилт байдаг шиг байгаа юм. Нэг их хайхардаггүй юм уу гэж харж явдаг. Миний бодол шүү. Хориод жил ажиллаж байж миний шавь Ганбат ноднин улсын аваргын болзол хангалаа шүү дээ.

Хүний хөдөлмөрийг их сайн дүгнэдэггүй юм шиг байгаа юм. Комбайны жилийн норм гэж байдаггүй гэж яриад байгаа. Дээр үед “СК-5” комбайны жилийн норм 350 га талбайн ажлыг хийдэг байсан. Би ид ажиллаж байх үедээ жилд 1050 га талбайн ажил гүйцэтгэж байсан. Жилийн норм, их шахалттай төлөвлөгөө нь төлөвлөгөөт эдийн засгийг биелүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэхийн төлөө хүч чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байсан гэж үздэг. 

- Техникийн саатал гэж бараг гаргадаггүй байсан биз?

- Техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахын тулд хамгийн их шаардаж байсан зүйл техникийн бэлэн байдал. Хаврын ажлыг 15 хоногт багтаахын тулд ямар ч эвдрэл гарахааргүйгээр засуулдаг байсан. Комбайныг улсын баяр өнгөрөөгөөд л засварт оруулна. Эд ангиар нь задлуулж засдаг. Хөндий болгоод л хэсэг хэсгээр нь засна. Ингэсэн байхад сааталгүй явна. Талбайд комбайн зогссон байхад хажуугаар нь өнгөрөх эрх байхгүй. Тэр хүний техникийг засч зааварчилга өгнө. Нөгөөдүүл чинь багш гээд сүйд явчихна. Ийм л сайхан амьдралтай байлаа даа.

- Та хэдэн комбайн эзэмшсэн бэ?

- “СК-3” комбайныг нэг намар барьсан. “СК-4” комбайнаар 1976 он хүртэл тариа хураалаа. Магсаржав сангийн аж ахуйд ирээд “СК-5” комбайн аваад зургаан жил эзэмшсэн. Нэг жилд гурван жилийн ажил хийх үүрэг авсан болохоор надад 1984 онд шинэ трактор, комбайн өгсөн. Тэрний ач буянаар олон жилийн ажил хийсэн. Хөдөлмөрийн баатрын болзол хангуулах гэж дэмжиж тодорхойлж байсан. Намын 19-р их хурлын үеэр Цэдэнбал дарга хойшоо явчихсан. Батмөнх дарга ажиллаж байх үед гавьяа шагнал одон медаль өгөхгүй гэсэн заавар шийдвэр гарсан юм билээ. Тэгээд тэнд шагнал аваагүй л дээ. Сүүлд 2015 онд Монгол Улсын гавьяат механикжуулагч гэсэн том цол хүртсэн. Энэ бол хамт олны минь бүтээл, газрын маань үр шим гэж боддог.

- Агротехникчийн анхны мэдлэг олгодог байсан гэсэн. Ажил дээр их хэрэг болно биз дээ?

- Бидний үед уриншилсан талбайг хүлээж авдаг. “Хар уринш авна халтар уринш авахгүй” гэдэг. Зэрлэг ургамлыг хугацаанд нь устгах, ургуулахгүй болгох ажил хийнэ гэсэн үг. 8-р сарын 15-наас хойш хийсэн боловсруулалт бол уринш биш гэж тооцдог. Хогийн ургамлын үндэс нь түрээд үр нь гээгдчихдэг. Үр унахаас нь өмнө ургамлыг устгах ёстой.

Тариалангийн талбайд тууш таривал, хөндлөнгөөр уринш хагална. Энэ жилийн уриншийг өнгөрсөн жилийн хийсэн уриншийн замын эсрэг буюу хөндлөнгөөр нь газраа хагалдаг байлаа. Тариан талбайгаа тэгшлэхийн тулд тэр. Намар тариа хураахад үрэлгээ хийсэн замын эсрэг явуулна. Ангилан хадалтыг бас ингэж хийнэ.

- Атар газар эзэмшсэн эхний жилүүдийн техник нэлээд болхи байсан харагддаг. Та тийм л техниктэй атар газар эзэмшиж явсан байх.

- Одооны техник хүний төлөө зориулагдсан харагддаг. Бидний техник атар эзэмшихэд л чиглэсэн юм шиг бодогддог. “ДТ-75” трактор анх ирэхэд “Шилэн гуу”-нд суучихлаа гэж ярьдаг байсан. “ДТ-54” тракторын модон кабины цонхыг шиллээд өгнө. Цонх нь хоёр хоноод хагараад унана даа. “СК-3”, “СК-4” комбайн жолоочийн кабин байхгүй. Хөвөнтэй өмд цамцаа суудал доогуураа чихчихдэг. Орой хүйт оронгуут хувцсаа давхарлаж өмсөөд явна. Шөнийн 12 цагаас хойш тариа хураах нөхцөлгүй л дээ. Хяруу унаад зунгааралдаад байдаг.

- Тариа хураахад хэд хоног дээл тайлахгүй явдаг байв даа.

- Хорь гаруй хононо оо. Унтахгүй л дээ. Том том аваргуудын дундаас өдрийн нормоо хийж, юм олж идэхэд хэцүү шүү дээ. Эхний жилүүдэд тэд нар ирээд тариа хураагаад аваад явчихна. Жилийн нормоо биелүүлэхийн төлөө л зүтгэдэг байсан. Айхтар ажилсаг улс нааран дээр унтаж байгаад сэмхэн босоод явчихдаг байсан. Биднийг сэрээхгүй. Дадлага суугаад ирэхээр ажлын төлөө ана мана үзэлцээд явдаг байсан даа.

- Ярилцсан танд баярлалаа

Холбоотой мэдээ