П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд байрлуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-09 16:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгон ашиглаж байв. Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, 90 гаруй жил болсон, хоёр давхар дүнзэн байшинг саяхан нурааж суурин дээр нь 22 давхар барилга барихаар болжээ. Энэ тухай П.Гэндэнгийн нэрэмжит сан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Шинээр ашиглалтад орох барилга нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр П.Гэндэн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа юм байна. Шинэ барилгын 1-4 давхар нь музейн зориулалттай бол үлдсэн нь оффисын зориулалттай. Шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг  нэг жил гаруйн хугацаанд  гүйцэтгэхээр тооцжээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр "22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Барилгын 1-4 давхар нь музейн эзэмшилд байна. Тухайн барилгын анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх шаардлагын дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаад байна. Байшингийн модыг дугаарлаж хадгална. Шилэн барилга ашиглалтад орсны дараа нэг давхарт нь  өмнөх төрх хийцээр барих юм. Тиймээс Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг нурааж, өв соёлоо устгасан зүйл байхгүй" гэв. 

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат "Байшинг сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай байшинг 95 хувийн элэгдэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Энэ шийдвэрийг манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ ярьж байж гаргасан" гэлээ.


Холбоотой мэдээ