Их-Уул сум объектын гал түймэр унтраах сайн дурын бүлэгтэй болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-07 22:38:17

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Онцгой байдлын газраас Их-Уул суманд жишиг “Объектын гал түймэр унтраах сайн дурын бүлэг” байгуулжээ.

Тус бүлгийн иргэдийг чадавхжуулахаар сумын ЗДТГ, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Завханхангай ОНХХ-тэй хамтран сургалт явуулжээ. Сургалтын үеэр сайн дурын идэвхтэн, 25 иргэнд зургаан цагийн танхимын сургалтаас гадна хоёр цагийн гал түймэр унтраах дадлага сургалтыг явуулжээ. Түүнчлэн “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Завханхангай ОНХХ-ээс дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий найман нэр төрлийн гал түймэр унтраах багаж хэрэгслүүдийг хүлээлгэн өгчээ.

Их-Уул сум нь 6000 гаруй хүн амтай Завханы томоохон сумын нэг бөгөөд гал түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Түүнээс гадна тус сум нь ой мод ихтэй, объектын гал түймэр гарах эрсдэл өндөртэй сум юм. Гал түймэр унтраах бүлэг нь чадавхжиж дадлагажсанаар гал түймрийн үед эхний тусламжийг үзүүлэх, цаашилбал иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэхэд соён гэгээрүүлэх, туслах үүргийг хүлээхээс гадна гэнэтийн гамшиг ослын үед ч ажиллахад бэлэн байх юм. Мэдээж мэргэжил, арга зүй, багаж хэрэгслээр манай газар болон, сум орон нутгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлнэ хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Гал түймэр унтраах сайн дурын бүлгүүд чадавхжиж байна

Завхан аймагт өнгөрсөн жил байгуулсан 9 сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ жил 13 ажлыг сум тус бүртээ зохион байгуулжээ.

Харин аймгийн Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Нөмрөг зэрэг суманд гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад дээрх сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, 800-гаад иргэн оролцжээ.

Тэгвэл өнгөрсөн жил 9 сумын “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгүүд сум бүртээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа ажээ. Тухайлбал оны өмнөхөн гурван сумын гал түймэртэй тэмцэх хэсэг гал унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах болон гал түймэр унтраах дадлага сургуулийг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хийжээ. Харин ирэх сард говийн сумууд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийнхэндээ дадлага сургуулилтыг дахин явуулна. Мөн эдгээр хэсгүүд нь иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг ослын үед хэрхэн ажиллах, талаарх ухуулга сурталчилгааны ажлыг сум бүртээ идэвхтэй явуулдаг талаарх мэдээллийг нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ