“Marvel”-н кинонуудыг шүүмжилжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 11:48:28

НЬЮ-ЙОРК. /Empire/. Америкийн найруулагч Мартин Скорсез супербаатруудын кинонууд тэр дундаа “Marvel Studios” киностудийн бүтээлүүдийг шүүмжилж, ийм киног жинхэнэ кино гэж үздэггүй гэдгээ илэрхийлжээ.


Супербаатруудын киноны талаар та ямар хандлагатай байдаг вэ хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа “Би тийм кино үздэггүй. Үзэх гэж оролдсон хэдий ч энэ бол кино биш” гэжээ.


"Хэчнээн чанартай хийгдэж, жүжигчид нь үүргээ сайн биелүүлж байгааг нь харж байгаа хэдий ч үнэнийг хэлэхэд иймэрхүү кинонууд зугаа цэнгэлийн газар шиг л санагддаг. Иймэрхүү кинонууд нь хүний сэтгэл хөдлөл, догдлол, зовнилоо бусадтай хуваалцаж байгааг харуулдаг бусад кинотой огт адилгүй” хэмээн тэрбээр ярьжээ. 


Энэ ярилцлага нийтлэгдсэний дараа “Marvel”-д зориулан бүтээсэн “Галактикийн хамгаалагчид” киноны найруулагч Жейм Ганн “Твиттер” хуудастаа тэмдэглэхдээ  “Миний хамгийн дуртай найруулагчдын нэг Мартин Скорсезе кинонуудыг маань хэрхэн шүүмжилж байгааг харах харамсалтай байна. Гэсэн хэдий ч би түүнд үргэлж дуртай байх болно. Түүнчлэн түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэвээр байх болно” гэжээ.


Өдгөө 76 настай найруулагч Мартин Скорсезе нь хамгийн агуу бөгөөд орчин үеийн хамгийн нөлөө бүхий кино найруулагчдын нэг гэдгээрээ нэг бус удаа хүлээн зөвшөөрөгдөж байсан нэгэн юм. Тэрбээр "The Aviator", “The Departed”, “Хараал идсэн арал” зэрэг олон киногоор үзэгчдэд танигдаж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” зэрэг шагналын эзэн болж байсан юм. 

Холбоотой мэдээ