Угаарт хордсон 8 иргэний бие сайжирч эмнэлгээс гараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-07 10:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдөр буюу 10-р сарын 5-ны бямба гарагт угаарын хийн хордлогод 16  хүн өртөж, 4 иргэн амь насаа алдсан талаар мэдээлсэн. Өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар 8 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байна.

Өнгөрсөн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байгаа талаар ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээллээ. 

Хордлогын тусламж үйлчилгээг 28 хүнд үзүүлж, 15 хүн хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна гэв. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой 20.00 цагт өргөтсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнууд болон Онцгой комиссын гишүүдийн мэдээллийг сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгөөд байна. 

Тэрээр "Хэргийн шалтгаан нөхцөлийг яаралтай шалгаж тогтоож, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх”-ийг даалгав. Мөн хүйтэрч байгаатай холбоотойгоор иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллээр иргэдэд байнга хүргэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. 

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нөхцөл байдал үүссэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, 10-р сарын 5-ны 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажилласныг мэдээллээ. Иргэд хордсон гэх цэгүүдээс дээж авч, АМГТГ-ын харьяа лаборатори болон Геологийн төв лабораторид, мөн барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгчээ. 10-р сарын 6-ны өглөөний 06.00 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна.

Тэрээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, иргэд зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагийг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөрвөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.


Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээ