Замын гарцыг хүүхдийн сонирхлыг татахуйц байдлаар будах санаачилга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-05 14:18:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймагт нийтийн тээврийн эко автобус явуулж эхлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын спорт зааланд гадны байгууллагуудад цаг өгдөг байдлыг хориглох шийдвэр гаргахаар болжээ. 

“Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Батжаргал нар сурагчдын төлөөлөл 30 хүүхэдтэй уулзаж, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд тусгах саналыг авсан бөгөөд мөн үеэр дээрх саналуудыг дэмжихээ илэрхийлжээ.

Хүүхдүүд давхацсан тоогоор 91 санал дэвшүүлсэн бөгөөд 26 асуудлыг шийдвэрлэхээр болж, Баянхонгор аймаг хүүхдэд ээлтэй төлөвлөлтийг үндсэн чиглэлдээ тусгахаар болсон юм.

Сургуулиудын мэдээлэлзүйн кабинетыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах, бага насны хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах чадвар олгох сургалтыг давтамжтай зохион байгуулах, хөвгүүдийн эрхийн өдөртэй болж, энэ өдрөөр олон талт ажлыг зохион байгуулах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх автомашинтай болох зэрэг асуудлыг дэвшүүлсэн хүүхдүүд саналаа ажил хэрэг болгуулахаар болжээ.

Мөн хүүхдүүдийн саналын хүрээнд, 2020 онд Соого Сейкео сургуулийн спорт заалыг ашиглалтад оруулах, Шаргалжуутын бага сургуулийн спорт заалны асуудлыг шийдвэрлүүлэх, сургуулиудыг хөгжмийн зэмсгээр хангах, сургуулийн дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах, хөгжмийн сургалтад суулгах, Номундалай дотуур байрны хоолны асуудал, эрэгтэй дотуур байрны дэг журамтай байх асуудлыг шийдвэрлэх, Эрдэнэмандал сургуулийн дотуур байрны орчмын хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийг төсөвтэй болгох ажлыг тэдний саналын дагуу шийдвэрлэх юм байна.

Түүнээс гадна төлбөртэй давтлага өгдөг багш нарын судалгааг авч, эрх олгох, залуу багш нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулах, ахмад настны асрамжийн газрын тохижилт үйлчилгээнд анхаарах, зорилтот өрхийн хүүхдүүдийг дүрэмт хувцастай болгох асуудлыг шийдвэрлэх зэрэг нийгэмд чиглэсэн асуудлыг хэлсэн сурагчид ч ажил хэрэг болгуулахаар болжээ. 

Замын гарцыг дан цагаанаар биш өнгө өнгөөр хүүхдүүдийн сонирхлыг татахаар болгох, уралдаан тэмцээнд оролцох хүүхдүүдийн зардлыг шийдвэрлэдэг байх асуудлыг мөн дэмжсэн бол "Шинэ төгөл" хотхон, алслагдсан гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх, “Хүүхэд, эмнэлгийн эмч, ажилтнуудын зөвлөгөөн” зохион байгуулах, сургууль болон гэр хорооллын дэлгүүрүүдэд хүүхдэд хориотой зүйл зарах асуудлыг таслан зогсоох, 2020 оныг "Гэр бүлийг дэмжих жил" болгон зарлах саналууд ч дэмжигдсэн байна. 

Холбоотой мэдээ