Боловсролын салбарт 47.4 мянган багш ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-04 10:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр тохиож байна.

ЮНЕСКО-гоос 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн  10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчилсөн юм.

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж салбарын яам үзжээ. Энэхүү баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг аж.


Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд, 7.3 мянга нь хувийн сургуульд багшилж байна. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролд 7.8 мянга, ЕБС-д 30.4, МСҮТ-д 2.5, их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна.

Харин ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид 31 хүүхэд оногдож байна.  Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувь эзэлдэг. Боловсролын салбарын дундаж цалин 2018 онд 760.2 мянган төгрөг байсан байна.

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь жилийн баярын хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр болох юм. Энэ үеэр улсын тэргүүний багш, боловсролын байгууллагад шагнал гардуулах аж.

Холбоотой мэдээ