Баянхонгор аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-03 15:44:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцан аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өвлийн бэлтгэл ажлууд өрнөж буй. Уулзалтын эхэнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өвөлжилтийн бэлтгэл, үлийн цагаан оготнотой тэмцэх, мал угаалга, вакцинжуулалт, отор нүүдэл, мах бэлтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, хөрш зэргэлдээ Өвөрхангай аймгийн зуншлага тааруу байснаас зарим малчид отроор Баянхонгор аймагт өвөлжих болсон талаар яриад 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, махыг ченжүүдийн гар дамжуулалгүй Улаанбаатар хотод борлуулдаг байх, малын тээвэрлэлтийг стандарт бусаар явуулахгүй байх тал дээр сануулга хэлэв. Үүнд холбогдох байгууллагууд хариуцлагатай хяналт тавьж ажиллах, малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл болон сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг онцгой анхааран ажиллах шаардлагатай байгааг мөн хэлж байлаа.

Цаашид малчдын хувийн бэлтгэлийг илүү сайн хангах тал дээр анхааран ажиллаж, малчин бүрт мэдээлэл сурталчилгаа хүргэн, өрх бүрийн хувийн бэлтгэлийг сайтар хангуулан ажиллах үүрэг чиглэлийг өглөө.


Өвөлжилтийн бэлтгэл Баянхонгор аймагт: 

- Оны эхний мэдээгээр Баянхонгор аймаг 4.2 сая гаруй /хонин толгойд шилжүүлсэнээр 6.5 сая шахам/ мал тоолуулжээ. Үүнээс энэ онд урьдчилсан мэдээгээр 25.140 толгой мал хорогдож, 1955.1 мянган хээлтэгч малаас 1223.2 мянган төл бойжуулснаас 21.763 төл зүй бусаар хорогдсон байна. Зах зээл, хүнсний хэрэгцээнд оны эхэнд тоологдсон малын 22 орчим хувь буюу 937.8 мянган мал борлуулж, 21.940 тн мах бэлтгэх урьдчилсан тооцоо мөн гарчээ. Хорогдсон болон зах зээлд нийлүүлэх, хүнсний хэрэгцээнд бэлтгэх малаа хасаж тооцоход 12 мянга шахам малчин өрхийн 4.5 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 6.8 сая гаруй мал Баянхонгор аймагт өвөлжих төлөвтэй байна. Түүнээс гадна аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д Бууцагаан сумын 13 өрхийн 18.2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8.5 мянган мал өвөлжих тооцоо гарчээ.


- Баянхонгор аймгийн хувьд нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарсан байна. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар долдугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрджээ. Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.


- Аймгийн нөөцөд байгаа урьд оны үлдэгдэл өвсөн дээр энэ онд шинээр “Хонгор шинэ агро” ОНӨҮ-ийн газар Сэлэнгэ аймгийн Орхонтуулд хадланд гарч өвс, овъёос, арвай, өвс бэлтгэж аймаг сумын нөөцөд нийлүүлэхэд бэлэн болжээ.


-Мал, мах бэлтгэх ажил хувь хүн, аж ахуй нэгжийн хүрээнд өрнөж малчид багагүй хэмжээгээр борлуулалт хийж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр нийт 60.348 толгой мал, 59.7 тн махыг зах зээлд борлуулжээ.


-Энэ онд нийт 681 га талбайд 17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын явц 65.1 хувь буюу  443 га талбайгаас 2394.2 тн ургац хураасан үзүүлэлттэй байна. Үүнд, төмс 153.6 га-аас 1351 тн, хүнсий ногоо 101 га-аас 550 тн, тэжээлийн ургамал 181 га-с 418.1 тн , үр тариа 0.3 га-аас 0.5 тн, жимс жимсгэнэ 7.1 га-аас 74.6 тн тус тус хурааж авчээ. Энэ сарын эхний 10 хоногт багтаан ургац хураалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ