Усны тооллого явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-11 20:46:52

Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газар Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэх усны тооллогыг явуулж байна.

Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усны ашиглалтыг зохицуулах, усны нөөцийн экологийн тэнцлийг хадгалах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлого тодорхойлоход ашиглах гээд олон талт зорилгоор усны тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого Умар говийн гүвээт- Халхын дундад талын сав газар байгуулагдсанаар явуулж байгаа анхны тооллого болж байгаа юм.

Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэх усыг хамгийн сүүлд 2011 онд тоолсон бөгөөд тэр үед худаг 2860 гаруй,  нуур 7, гол 1, рашаан 2 болон 139 булагийг тоолон бүртгэжээ.

Тооллогын баг Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газар болон аймгийн БОАЖ- ын газрын мэргэжилтнүүдээс бүрдэж байна. Тооллогын баг эхний удаад  Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан- Овоо, Эрдэнэдалай суманд ажиллаж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр аймгийн зүүн талын суманд үргэлжлүүлэх юм байна. Тавдугаар сарын 20 гэхэд тооллого дуусах ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ