НҮБ-ын индэр дээр монгол сурагч “Ногоон паспорт” санаачилгаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
183@montsame.mn
2019-10-01 15:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилгаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр болсон юм. Нью-Йорк хотноо  есдүгээр сарын 21-ний өдөр болсон залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалтад сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, “Ногоон паспорт” санаачилга буюу монгол сурагчдын хөтөлж буй үндэсний туршлагыг НҮБ-ын индэр дээрээс  танилцуулжээ.

Уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн ялгааг тэглэх, дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцууллаа. Арга хэмжээний үеэр ХБНГУ, Норвег, Франц, ИБУИНВУ, Швед, Дани, Нидерланд зэрэг улс Парисын хэлэлцээрийн санхүүжилтийн гол механизм болох “Уур амьсгалын ногоон сан”-д оруулж буй хувь нэмрээ дахин нэмэгдүүлэх үүрэг амлалт авчээ. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар мэдээлсэн байна.




Холбоотой мэдээ