Нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-30 12:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хотын дарга асан  Ц.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан  болон нутгийн  иргэд төлөөлөгчид хүндэтгэлийн ёслолд оролцжээ. 

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн тулгын чулуу болсон гэж үздэг. Мөн Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан нь  арц болж ургасан гэх домог ч буй.  Нийслэлийн түүхт ойн өдрийг угтан  20 дахь жилдээ ёслох үеэр энэхүү бууцанд Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ерөөл айлтгав. Мөн  Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн байна.

Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 1999 онд босгосон “Гэрэлт хөшөө”-нд ийнхүү  жил бүрийн намрын нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд хүндэтгэл үзүүлж, бэсрэг наадам ч зохион байгуулдаг. Ннийслэлийн удирдлагууд энэ өдөр Ширээт цагаан нуурын уснаас амсаж, Өндөр гэгээний суваргад арц хүж уугиулан цагаан сүүгээ өргөж уламжлалт бэсрэг наадамд оролцлоо.

Холбоотой мэдээ