Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Монголын мэдээ | Улс төр
183@montsame.mn
2019-09-28 19:33:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, Хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа нар тус ангид ажиллав.

Барилгын цэргийн гэж нэрлэгддэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг тухай  Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулсан юм.

Энэ анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг байна. Энэ хүрээнд 2009 оноос эхлэн барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг мэргэжлээр алба хаагчдад хос мэргэжил эзэмшүүлжээ.

Барилга угсралтаас гадна төмөр бетон материал хийцийн үйлдвэр нь нүхтэй блок, эко хавтан, авто болон явган замын хашлага, 2-3 давхар шиллэгээтэй вакум цонх, хаалт, төрөл бүрийн металл хийц, ширээ сандал, тавцан, сүүдрэвч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017-р ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох ёстой гээд энэ асуудалд анхаарал хандуулахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн энэ ангид байгаа барилга угсралтын мэргэжилтэн, техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулах асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

Холбоотой мэдээ