Эдийн засгаа солонгоруулснаар хүнд үеийг даван туулна хэмээн зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-11 14:24:06

Түүхий эдээс хамааралтай эдийн засагтай Монгол Улсын хувьд туйлын амаргүй зам тулж ирээд байна. Ийм үед алсыг харж, эдийн засгаа солонгоруулснаар хүнд үеийг даван туулна хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Дэлхийн банкны энэ удаагийн тайлан хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт  эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2016-2018 онд өсөлт ялимгүй саарах төлөвтэй байгааг онцлов. Гэвч эрсдэл нэмэгдэж байгааг анхаарч, цаашид дээрх бүс нутгийн орнууд эмзэг байдлаа бууруулах, эдийн засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэжлүүлэхийг санууллаа.

 “Энэ удаагийн бүс нутгийн эдийн засгийн тайлан нь өндөр орлоготой орнуудад өсөлт удааширч, хөгжиж буй зах зээлтэй улсын дийлэнх нь эдийн засаг саарч, түүхий эдийн үнийн бууралт үргэлжилж буй энэ үед бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн боломжит төлвийг тодорхойлсноороо онцлогтой. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2015 онд 6.5 хувьтай байснаа бага зэрэг саарч 2016 онд 6.3  хувь, 2017-2018 онд 6.2 хувь болох хүлээлттэй байна.  Хятадын эдийн засаг алгуур тогтвортой өсөлтөд шилжиж буй ч хоёр жилийн өмнөхөөс 4 хувиар саарах урьдчилсан төлөв гарлаа. Монгол, Лаос,  Папуа, Шинэ Гвиней  зэрэг харьцангуй жижиг эдийн засагтай улс орон түүхий эдийн  үнийн уналт болон гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Жэймс Андерсон тодотголоо.

 Дэлхийн банкны тайланд өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засаг хүлээгдэж байгаагаас илүүтэй суларч буй нь хөгжиж буй орнуудад эрсдэл нэмэхээр байгааг анхааруулав.

Энэ үед хөгжиж буй орнууд ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултад: “Гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга баттай байх, Засгийн газрууд ил тод хариуцлагатай байдлаа нэмэгдүүлэх нь чухал” хэмээн хариулав. Мөн Зүүн Ази, Номхон далайн орнуудын бүс нутгийн орнуудад тарифын бус арга хэмжээнүүд, хууль журмын хязгаарлалтууд гээд худалдааны хязгаарлалтуудаа багасгахыг зөвлөлөө.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ