С.Саянцэцэг олон улсын хөгжмийн наадамд урилгаар оролцлоо

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-09-24 18:03:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбоо энэ сарын 17-нд Сөүл хотноо зохион байгуулсан олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг урилгаар оролцжээ.


Тэрбээр Солонгосын үзэгчдэд зориулан Ардын жүжигчин З.Гүнсэнгийн үг, О.Сангидоржийн ая “Зулай цагаан Алтай” дуу, мөн Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, А.Скрайбины уран бүтээлээс толилуулжээ. Уг тоглолтод Сэжон их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Ли Ги Жон, Олон улсын хөгжмийн уралдааны шүүгч, төгөлдөр хуурч Пак Сөн Хва, Гуамийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч Стефен Беднарчук, АНУ-ын Эйл их сургуулийн судлаач бөгөөд БНСУ-ын Сонбин их сургуулийн профессор Ан Ми Хен, БНСУ-ын Сүгмен их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Жон Хэй Сү, АНУ-ын Арканзасын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Наоки Хакутани нар оролцжээ.


Энэ үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Н.Эрдэнэтуяа Монгол Улсын Соёлын элч С.Саянцэцэгийг хүлээн авч уулзаж, Монголын сонгодог урлагийг БНСУ-д сурталчлах талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ