Устах аюулд орсон 110 зүйл амьтныг бүртгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын
хурал ГХЯ-нд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
БОАЖЯ, ГХЯ хамтран
зохион байгуулж буй хурлын талаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраас тодруулбал, “Бид зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийн талаарх Төв
болон Зүүн хойд Азийн бүсийн экспертүүдийн уулзалтыг “Зэрлэг амьтдын
худалдаа, өвчлөл, Төв Азийн хөхтөн амьтныг хамгаалах хамтын
ажиллагаа” гэсэн үндсэн гурван
сэдвээр зохион байгуулж байна.
Бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдыг хамгаалах хамтын механизмыг буй болгон эрчимжүүлэх нь чухал байгаа тул хурлаар энэ талын дараагийн шатны алхмуудыг боловсруулах зорилготой юм. Мөн 2020 оны 2-р сард болох Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн талуудын бага хуралд танилцуулан хэлэлцүүлнэ” гэв.
Тодруулбал, хурлаар дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын хууль бус худалдааг багасгах, түүнээс сэргийлэх, өвчлөл, хамгаалал болон тархац, газар нутгийг тогтоон шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Үүнд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, оролцогч талууд мэдээллээ солилцох, туршлагаа хуваалцах механизмыг бүрдүүлэх нь нэн шаардлагатайг онцолж байна.
Хуралд Боннын конвенцийн нарийн бичгийн газар, ХБНГУ-ын
Байгаль хамгаалах агентлаг, Их Британи улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Дэлхийн
байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан
хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан
судлалын нийгэмлэгийн Монгол дахь газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах
төв болон Монголын
Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн
төлөөлөл оролцож байна.
Төв Азийн хөхтөн амьтдыг хамгаалах хамтын ажиллагаа буюу
санаачилгад 15 зүйлийн амьтан хамаардаг бөгөөд тэдгээрийн тархац нутаг бүхий
орнуудын төлөөлөгчид мөн оролцож байна.
Манай оронд өнөөгийн байдлаар, 141 зүйлийн сүүн тэжээлтэн, 486 зүйл шувуу, 22 зүйлийн мөлхөгч амьтан, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13 мянга гаруй шавж байгаа тухай статистик мэдээг БОАЖЯ-ны газрын дарга П.Цогтсайхан танилцуулсан юм.
Тэдгээрээс амьтны тухай хуулийн дагуу 32 зүйл нь нэн ховор гэсэн ангилалд багтаж буй бол Засгийн газрын тогтоолоор 76 зүйлийг ховор ангилалд авсан байна. Харин устах аюулд орсон 110 зүйл амьтныг 2016 онд Үндэсний улаан дансны номд бүртгээд байна.
Түүнчлэн манай улсын хэмжээнд 19 аймгийн нутаг дамжсан
тусгай зориулалтын буюу агнуурын бүс байна. 2018 оны байдлаар амьтны
гаралтай зөвшөөрлийн төлбөрийн орлого 5.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүнээс 718
сая төгрөг нь зөвхөн олзворын ангаас улсын төсөвт төвлөрчээ. Агнуурын нөөц
ашигласны төлбөрийн 50 хувийг эргүүлж ашиглах ёстой ч 25 хувийг ашиглаж байгаа
нь чамлалттай үзүүлэлт болж байгаа аж. Тиймээс уг асуудлыг БОАЖЯ 21 аймгийн Засаг
дарга нартай байгуулсан гэрээнд тодорхой тусгаад байна.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ