Төрийн албан хаагчдыг олноор нь цомхотгох бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-24 15:42:52

МЕХИКО. /El Sol de México/. Мексикийн Засгийн газар 2020 онд 6 яамны 4000 гаруй төрийн албан хаагчийг цомхотгох бодолтой байна. Энэ талаарх саналыг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. Саналыг парламентын доод танхимын гишүүд одоогоор авч хэлэлцэж байгаа аж.


Ажилтнуудынх нь тоог цомхотгох яамдуудад Сангийн яам, Тээвэр холбооны яам, Эдийн засаг, Эрчим хүч, Хөдөө аж ахуй болон Аялал жуулчлалын яамдууд багтаж байгаа аж. Тийнхүү Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын засаг захиргаа төрийн аппаратад байдаг зардлыг бууруулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байна. 2018 онд Мексикт нийт төрийн албан хаагчдын тоо 1.7 сая орчим байсан аж.


Лопес Обрадор 2018 оны 12 дугаар сарын 1-нд 6 жилийн хугацаатай ерөнхийлөгчийн албан тушаалдаа албан ёсоор орсон юм. 2018 оны 7 дугаар сард сонгуульд ялсныхаа дараа тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогоос 40 хувийн бага цалин авахаа мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ нэг ч төрийн албан хаагч төрийн тэргүүнээс илүү цалин авахгүй гэдгийг тэрбээр нэг бус удаа цохон тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ