Сурагч Э.Эрдэнэтуулын "Балбарт бичсэн захиа " тэргүүн байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-24 12:37:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, уянгын өгүүллэгийн мастер, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний зохиол бүтээлийг хойч үед нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор "Сэрүүн Галттай сэтгэлд ойр" уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зарлан дүнг гаргажээ.

Энэ уралдааны "Зохиолын дүрд илгээх захидал" уралдаанд тус аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургуулийн 11 в ангийн сурагч Э.Эрдэнэтуулын бичсэн "Малын хөлийн тоос" өгүүллэгийн гол баатар Балбарт бичсэн захиа тэргүүн байр эзэлсэн байна. 


"Сайн байна уу? Намайг хааяа нэг мушилзуулан инээмсэглүүлэх агаад мөн надад харамсах сэтгэл, гуниглах сэдэл төрүүлсэн өгүүллэгийн минь гол дүр Балбар танд хандан энэхүү захиаг бичлээ. Дэргэд минь үгүй ч оюунд минь тодхон зурайх таны түвшин инээмсэглэл, нарыг шингээж , салхийг сөрсөн ханагар цээжээрээ ханхалзан зогсож буй дүр төрх чинь яг л дэргэдээс тань харсан мэт төсөөлөгдөнө. Захиагаа бичиж эхлэхдээ энэхүү цагаан цаасан дээр шилсэн сэтгэлийн үг минь нэлээн буруу бодолтой, түүндээ бардсан, шазруун эрд очихоор төсөөлж ширүүхэн аястай бичих гэснээ түр азнаж эелдэг зөөлнөөр захиагаа эхэллээ. Аймгийнхаа шилдэг тууварчин болсонд тань баяр хүргэе. Чухам танаас нэг л зүйлийг асуухыг хүслээ. Танд үнэхээр өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна уу? Энэхүү асуултад итгэл дундуур хариулна гэдэгт тань найдаж байна. Амжилт, нэр хүнд, эд хөрөнгө, эрх мэдэл хэдий чухал ч түүнээс илүү эрхэм зүйлс гэж бий. Тэр бол нэгнээ гэсэн хайр, сайхан сэтгэл, тусч өгөөмөр зан, итгэл, шударга байдал юм шүү дээ. Чанцалын хоёр хүүд элгэмсэг сайхнаар хандсанд таныг хүүхдэд элэгтэй сайн хүн юм гэж бүтүүхэн цаанаа горьдож суулаа. “Хүнийг нөхрөөр нь шинж” гэсэн үг байдаг даа. Таны ганзага нийлэн нөхөрлөсөн хүмүүсийг ажсанаар миний бодол салхинд хөөгдөх үүлс шиг л тарж бутрах шиг боллоо. Хээл хахууль өгөн байн олж авсан алдар нэр, мөнгө төгрөг тань хэзээ нэгэн цагт хумхын тоос шиг арилаад өгнө. Буруу сэхсэн хүнийг бурхан буцаагаад байранд нь аваачдаг юм гэнэ билээ. Хүн засрахад оройтох юм байхгүй. Таны хүүхдэд элгэмсэг, дөлгөөн зөөлөн хандаж буй байдал, төвшин сайхан инээмсэглэсэн царай чинь миний бодолд үргэлж тодхон шүү. Таныг гүн хүндэтгэсэн: Э.Эрдэнэтуул. 2019 .09.17 нд".

Энэ захиа эдүгээ цагийн олон Балбарт нэгийг бодуулж, нөгөөг сануулна. Хэнтий аймагт ийнхүү Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн  болон Төрийн шагналт Р.Чойномын уран бүтээлийг сурталчлах олон сайхан ёслол, уралдаан, уулзалт болсон байна.

Холбоотой мэдээ