Хилчин баатрын 100 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-24 19:47:05

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын баатар, ахмад Самданжамцын Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийнхан Хилчдийн өдрөөр тэмдэглэлээ. 

Баатар хилчний төрсөн нутаг Сайхан сумынхны төлөөлөл болон тус ангид алба хаасан ахмад хилчид хамтын ажиллагаатай байгууллагуудын зочид оролцсон баярын үеэр ёслолын жагсаал, улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн концерт, баярын хурал, “Монгол Улсын баатар С.Лхагвадорж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлаар БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн намтар, баатарлаг үйлсийн талаар тус ангийн офицерууд илтгэл тавьж, эрдэмтэн судлаачдын бичиж тэмдэглэж үлдээсэн баримтуудын талаар харилцан санал солилцсон байна. Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх хилчин баатар С.Лхагвадорж” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд ирсэн зохион бичлэгийн 58, гар зургийн 65 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ. Зохион бичлэгийн төрлийн 6-9 дүгээр ангийн ангилалд Тэшиг сумын сургуулийн 9-р ангийн сурагч Ч.Мөнхжаргал, 10-12 дугаар ангийн сурагчдаас Булган сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Уранзаяа нар түрүүлсэн бол гар зургийн уралдаанд Тэшиг сумын 4-р ангийн сурагч Ж.Эгшиглэн “Баатар хилчин хил зөрчигч илрүүлж байгаа нь” бүтээлээрээ шалгарчээ.

Хил хамгаалах алба сурталчлах ажлыг ойн үеэр зохион байгуулан гардан тулаан, албаны нохойн үзүүлэх тоглолтыг сонирхуулан хил хамгаалалтад ашиглагдаж буй зэвсэг, техник, хувцас хэрэглэл, тусгай хэрэгслийг иргэдэд танилцуулах ажил хийжээ.

Холбоотой мэдээ