Г.Ганболд: Энэтхэгийн Засгийн газар манай талын саналд нааштай хандаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-23 12:27:05

Бангалор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 19-нөөс  эхэлсэн. Тэрбээр одоо Энэтхэгийн сансар судлалын төвийн ажилтай танилцаж байна. Монгол Улсаас БНЭУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдоос тус айлчлалын үр дүнгийн талаар тодрууллаа.


-Монгол Улсын Төрийн тэргүүний 10 жилийн дараах айлчлалаар хоёр орны харилцаанд ямар ахиц, дэвшил гарч байна вэ?
-Хоёр орны дээд хэмжээний уулзалтаас өнөөгийн харилцааны ажлыг дүгнэхээс гадна ирээдүйд хийх ажлын чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой айлчлал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д хийж буй төрийн айлчлалынхаа үеэр түүх соёл, оюун санааны нандин хэлхээтэй тус улсын дөрвөн хотоор зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг удирдах албаныхантай уулзсан. Үүнээс гадна Шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтын оройд нь явж байгаа газруудад морилж, тодорхой тохиролцоонд хүрлээ.


-Тухайлбал, юуг онцлох вэ?

-Манай хоёр орны улс төрийн харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Энэ харилцааг бусад салбарт хөгжүүлэхийг эрмэлзлээ. Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн идэвхжүүлэх талаар ярилцсан. Жишээлэхэд, манай улс гадаадад түүхий нефт экспортлодог ч шатахуунаа импортоор авдаг сул талтай. Энэ байдлыг өөрчлөх үүднээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Тиймээс айлчлалын нэгэн чухал хэсэг сэдэв болох газрын тосны үйлдвэр байгуулах, түүхий эдээ татаж авах, хямд ашигтай арга замыг олох боломжийн талаар өргөн хүрээнд ярилцлаа.


-Энэтхэг улс манай талаас тавьсан саналд хэрхэн хандаж байна вэ?
-Энэтхэг улсын Засгийн газар манай талаас тавьсан саналд анхааралтай хандаж, шаардлагатай хөрөнгө хүчийг нэмж өгөхөө илэрхийллээ. Энэ бол улс төрийн сайн харилцааны илрэл юм. Цаашилбал, мэдээлэл технологи, сансрын салбарт хамтран ажиллахаар талууд ярилцсан нь айлчлалын бас нэгэн чухал хэсэг. Энэ талаар урьд өмнө нь ярилцаж, өндөр түвшинд гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Түүнчлэн, малын эм, эмнэлэг, ариун цэвэр, хяналтын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр, малын гаралтай түүхий эдээ манай улс Энэтхэгт экспортлох, хариуд нь Энэтхэгээс мал, хүний чанартай, өртөг багатай эм импортоор авах боломж нээгдэж байна.
Улаанбаатар хотноо ирэх 11 дүгээр сард Энэтхэгийн эм, эмнэлгийн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцлоо. 
Мөн манай улсаас Энэтхэгт дийлэнхдээ Буддын гүн ухаанд суралцдаг оюутнууд байдаг. Тэдгээрийн ахуй амьдрал, суралцах нөхцөлийг сайжруулж, хоёр орны хооронд зорчих журмыг хөнгөлөх талаар ярилцаж тодорхой саналаа илэрхийлсэн.  Дээрх бүгдэд Энэтхэгийн тал нааштай хандсан бөгөөд амжилт олно гэдэгт бид итгэлтэй байна.


-Таныг БНЭУ-д элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаанд ямар дэвшил гарсан бэ?
-Миний бие 1980 оноос төрийн албанд ажилласан бөгөөд 1981 онд анх Энэтхэг улсад ирсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр орны багагүй чармайлтын үр дүнд худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн. Үүнээс цааш худалдааны эргэлтээ нэмэх боломж маш их байгаа. Тухайлбал, Энэтхэг улс манай улсаас хонины ноос, малын өлөн зэргийг импортоор авах эрмэлзлээ илэрхийлж байна. Үүгээр өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу мэс заслын утас, эмнэлэг, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес эрхлэгчид байгаа талаар дуулгасан. Тиймээс бид айлчлалын хүрээнд ярилцаж, тохирсон зүйлээ хэрэгжүүлэх үүднээс эрчийг алдалгүй ажиллах хэрэгтэй юм.

Холбоотой мэдээ