Амралтын өдрүүдээр Долоон буудлын замыг бүрэн хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-19 10:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын дэд бүтцийн ажилтай холбоотойгоор ирэх амралтын хоёр өдөр нийслэлд Таван буудлаас Долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар боллоо. Энэ талаар өчигдөр нийслэлээс мэдээлэл хийв.

Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Сэлбэ болон Чингэлтэй дэд төвүүдийг холбох гэж буй тул дээрх чиглэлийн замыг хааж байгааг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдэгдэв.

Тодруулбал, дэд бүтцийн дээрх хоёр төвийг холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийх юм. “Энэ ажлын хүрээнд Таван буудлаас Долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтлэх тул авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” гэсэн юм.


Дэд бүтцийг холбох ажил нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд гурван багц ажил хийхээс эхний үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн авто зам, ус, дулааны шугамын угсралтыг гүйцэтгэж байна.

Үүнд Сүхбаатар дүүргийн 13-р хороо буюу Таван буудал, хоёр дахь байршил нь тус дүүргийн 14-р хороо буюу Зургаан буудал, гуравдугаарт 18-р хороо буюу Долоон буудал гэсэн гурван байршлын авто замд сэтэлггээ хийнэ. 
Одоогоор Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны 9.9 км төв шугамын угсралтын ажлын явц 37.1 хувьтай байна. Ингэснээр 2020 онд Чингэлтэй, Сэлбэ орчмын оршин суугчдыг дулаанаар хангах боломжтой болно” гэж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр мэдээллээ.

Сэлбэ дэд төвийг холбоход 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг гүйцэтгэж байгаа бол хоёр дахь гэрээгээр гурван компанийн түншлэлээр 6.4 сая ам.долларын гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах бямба, гарагт нийтийн тээврийн автобус Чингэлтэй-Хайлаастыг холбосон чулуун авто замаар дамжин зорчино. Зарим чиглэлийн автобуснууд зам хаасан хэсгээс эргэж богино эргэлтээр зорчих юм. Нийтийн тээврийн маршрут ойролцоогоор нэг км орчим газар богино эргэлтэд иргэдэд үйлчилнэ” гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од мэдээллээ.

Харин “Шарга морьт”, “Шадавлин”, “Зунжин”, Санзай зэрэг хойд чиглэлийн зуслангийн шугамын автобуснууд "Дарь Эх"-ийн замаар зорчих аж.



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ