"НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд монголын зураачдын бүтээл тавигдлаа

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-18 15:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "НордАрт"олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд  2015-2019 онд  Монгол Улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн ХБНГУ-д гарч байна.

Нэгдсэн үзэсгэлэн аравдугаар сарын 30-ныг хүртэл "MN17" арт галерейд гарна. "НордАрт"-д 2015-2019 онд Монгол Улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн “Хөрстөд Оршихуй: Хүршгүйтэй Учрахуй” нэртэй энэ тайлан үзэсгэлэнд  Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Төрийн соёрхолт С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Л.Ганболд болон дунд, залуу үеийн нийт 60 уран бүтээлчийн уран бүтээлүүд хоёр шатлалтайгаар олны хүртээл болох юм байна. 1999 оноос хойш зохион байгуулагдаж буй "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь европт жил бүр зохион байгуулагддаг хамгийн далайцтай нэн орчин үеийн урлагийн үзэсгэлэн бөгөөд энэ жил нийт 100 гаруй орны 371 уран бүтээлч шалгаран оролцож байгаа юм. Монгол Улс "НордАрт"-ын албан ёсны хамтын ажиллагаа 2014 онд эхэлж, 2015 онд Монгол Улс онцлох орноор оролцжээ. Түүнээс хойш  монголын уран бүтээлч, барималч А.Очирболдын “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээл үзэгчдийн шагналыг хүртэж, 5 метр өндөр, төмөр баримлаа "НордАрт 2015" симпозиумын үеэр Бюделсдорф хотноо байрлуулсан байна. 2016 онд “Уламжлал ба орчин үе” сэдэвт Монгол Улсын бие даасан хоёр дахь павильонд 17 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл, 2019 оны гурав дахь павильонд 23 уран бүтээл тавигдав. Ийнхүү өнгөрсөн  таван жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор, үе үеийн 78 Монгол уран бүтээлчдийн 230 гаруй бүтээлийг 100 мянган үзэгч, олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч, куратор, урлаг сонирхогчдын хүртээл болгоод байна гэж дээрх үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид мэдээллээ.



Холбоотой мэдээ