Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-18 09:38:38

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийг өөрийнх нь засаг захиргаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


Д.Трамп Нью-Мексико муж улсаас Калифорни муж улс руу хөдлөх үеэрээ сэтгүүлчдэд хэлэхдээ, намайг улиран сонгогдоно гэж Бээжин бодож байгаа боловч Хятадын төлөөлөгчид өөр хэн нэгэнтэй хэлэлцээр байгуулахыг илүүд үзэж магадгүй гэжээ. Хэрэв хэлэлцээрийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн дараа байгуулвал Бээжингийн хувьд одоогийнхоос “хавьгүй хүнд” байх болно гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид сүүлийн хоёр сар орчмын хугацаанд анх удаа Вашингтонд уулзахаар товлосноос хоёр хоногийн өмнө Д.Трамп ийнхүү мэдэгджээ. Тэдгээр хэлэлцүүлэг нь ирэх 10 дугаар сарын эхээр болох өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалтын бэлтгэлийг хангаж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны дунд 14 сарын турш үргэлжилсэн худалдааны дайныг зохицуулах арга замыг эрэлхийлэх юм.


Өнгөрсөн долоо хоногт хоёр талын худалдааны маргаан намжиж, Д.Трамп Хятадын импортын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулсан бол Хятад АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлсөн билээ. 

Холбоотой мэдээ