Замын-Үүдийн сургууль “Хүмүүн бичиг”сониныг хамгийн их захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-08 15:49:30

Монгол орны үүд болсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургууль аймагтаа “Хүмүүн бичиг” сониныг хамгийн их захиалсан сургууль болжээ. Хилийн боомт хотын сургуулийн багш, сурагчид хоёрдугаар улиралд нийт 50 орчим сонин захиалсан байна. 

Байгуулагдаад удаагүй ч “Хүмүүн бичиг” сонины уншигч редакцын уулзалтыг сургууль дээрээ зохион байгуулсан, сониноо олон тоогоор захиалсан гээд  уламжлалт монгол бичгээ хэрэглээ болгох, өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлэх, хайрлан хамгаалах тал дээр санаачилга гарган ажиллаж байгаа юм.

Тус сургуулийн О.Нямдаваа багштай 8 б ангийн сурагчид  үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос 19 дахь удаагаа зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны “Сайхан бичигтэн анги” төрөлд гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. 

Сурагчид билгүүн номч, их бичгийн эрдэмтэн Бямбын Ренчингийн зохиол “Монгол хэл” хэмээх гайхамшигт шүлгийг хуучин монгол бичгээр хичээнгүйлэн буулгасан бөгөөд тэдний бүтээлийг монгол хэл уран зохиолын  багш М.Мягмарсүрэн шүүн тунгааж, онол практик талаас  нь зааж зөвлөж оролцуулсан юм.

М.Мягмарсүрэн багш сурагчдаа монгол бичгээрээ зөв сайхан бичиж сургах, уралдаан тэмцээнд  оролцуулах, өв соёлоо үлгэрлэн үлдээх талаар санаачилга гарган ажилладаг байна. 8 б ангийн сурагчид бүгдээрээ хуучин монгол бичгээрээ  уншиж, бичиж бас зааж сургаж чадна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ