Үндэсний номын баяр төв талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-12 14:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд “Ном бол зам” уриан дор болно.

Номд дуртай монголчууд энэхүү баярын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ном хэвлэлийг сурталчлах, уншлагыг дэмжих зорилгоор 26 дахь удаагаа тэмдэглэх юм.

Зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодог энэхүү баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ үеэр хэвлэлийн компани болон зохиолчид ном бүтээлээ тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн номын баярт зохиолч, аж ахуйн нэгж нийт 120 орчим оролцогч бүртгүүлжээ. Тухайлбал, номын баярт М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцох юм. Тэд Оросын орчин үеийн болон хүүхдийн уран зохиолын сэдвээр оюутнуудад илтгэл тавьж, зохиолчидтой тусгай уулзалт хийхээс гадна өөрсдийн номын бүтээлээ номын баярт дэлгэн сонирхуулна.

Түүнчлэн номын баярын эхний өдөр олны танил эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм. "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидтэй ах, эгч хэрхэн болох вэ", лектор Д.Гэрэлмаа "Өглөөний гайхамшиг", "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номын зохиогч Г.Мөнгөн "Өөрийгөө бүтээ", Н.Энхсайхан, Э.Мишээл нар "Хүүхдээ хэрхэн номонд дурлуулах вэ", лектор Б.Солонго "Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал"-ын тухай илтгэл тавина.

Номын баярын өдөрлөг амралтын өдрүүдэд 11.00-19.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ