Цагаан саримсаараа улсдаа алдартай "Мөрөнгийн ногоочид"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-11 22:51:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүрийн шаргал намрын тариа, ургац хураалт ид өрнөж буй энэ үед Мөрөн сумын ногоочдын ажил, амжилтаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Энэхүү мэдээллийг Мөрөн сумын Хүнс хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ж.Ганчимэгээс авлаа.


Энэ онд Атар газар эзэмшсэний 60 жил, Мөрөнгийнхөн төмс, хүнсний ногоо тариалж эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Мөрөн сумынхан тэртээ 1944 оны дайны хүнд жилүүдэд тус суманд ирсэн өвөрлөгч этгээдүүд, ЗХУ-ын цэргүүдийн хүчээр суваг, шуудуу татаж анхны тариа ногоогоо тарьж, 1959 онд нэгдэл үүсгэн байгуулснаас өдгөөг хүртэл төмс хүнсний ногоогоо тасралтгүй тариалж байна.

Тус сумын бахархалтай зүйлсийн нэг нь ард иргэдийн дийлэнх хувь нь төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тариалдаг явдал юм. Түүгээр ч зогсохгүй Хэрлэн сумын төмс, хүнсний ногооны 40 гаруй хувийг дангаараа хангаж байгаа нь хөдөлмөрч түмнийг илтгэнэ.

Мөрөн сум нь төмс, хүнсний ногооны 120 га , үр тарианы 2700 га газартай, 2000 гаруй хүн амтай, түүнээс сумын төв дээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа 373 иргэний 200 гаруй нь идэвхтэй тариалдаг. Зөвхөн сумын ард иргэд гэлтгүй Улаанбаатар хот, Галшар, Хэрлэн сумаас иргэд хувиараа төмс, хүнсний ногоо очиж тарьдаг гэнэ. Энэ жилийн тухайд тус сумын 200 гаруй айл өрх 57,6 га газарт төмс, хүнсний ногоог тариалж, ургацын 30-аад хувийг хураан авч, Хэрлэн сумын хөдөлмөрчдөд нийлүүлээд байна.

Мөрөн сум гэхээр хамгийн түрүүнд Мөрөнгийн цагаан саримс’’ сэтгэлд буудаг. Хэнтий аймаг төдийгүй улсад брэнд болж чадсан тус цагаан саримсыг хөгжүүлж өгсөн аграномич Л.Нямаа, түүний туслахаар ажиллаж байсан агротехникч Ш.Төмөрпүрэв нарыг алдаршуулахад таатай байна. Анх 30 кг цагаан саримсыг тарьж эхлүүлэн 30 тонныг хураан авч байсан баялаг түүхтэй ард түмэн бол Мөрөнгийнхөн билээ.

Өнгөрсөн жил тус сумын агрономич Ч.Эрдэнэсувд Улаанбаатар хотод зохион байгуулдаг ‘’Намрын ногоон өдрүүд’’ үйл ажиллагаанд оролцож, нутагшуулан үржүүлж байгаа саримсны сортоор “шилдэг үр үржүүлэгч” шагнал авсан нь тус сумын том бахархал юм. Мөрөнгийн цагаан саримсыг Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнд туршиж үзэхэд хатуулаг бодисын хэмжээ их, удаан хадгалах бүрэн боломжтой, төрөл бүрийн вирусийг устгадаг дархлааг сайжруулдаг нь тогтоогдсон байна. Тус сумын өндөр наслалт цагаан саримстай нь салшгүй холбоотой гэнэ шүү.

Мөрөн сумаас төрөн гарсан олон, олон алдартай ногоочид байдгаас улсын аварга ногоочин Лхагвадулам, түүнийг дагалдаж гарсан шавь улсын залуу аварга ногоочин С.Оюун-Эрдэнэ, ахмад ногоочин Д.Доржгомбо, Д.Дуламсүрэн нарын тэргүүн туршлагуудыг эзэмшин сэлгэн тариалалт хийж, 12 нэр төрлийн ногоог тарьж ургуулж сурсан нь гайхалтай.

Мөрөнгийнхөн энэ жил ургац арвин, олон арван хөрөнгө оруулалт хийсэн бахдам амжилтаар ойгоо угтаж байна. 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр усалгааны системдээ засвар хийсэн бол 2019 онд Ерөнхий сайд тус суманд айлчилж, 100 гаруй сая төгрөгөөр шинэ тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Тухайлбал, аймгийн төсвийн 60 сая төгрөгөөр ногооны 4300 м газрыг хашаажуулж, сүүлийн үед тус суманд ороогүй том хөрөнгө оруулалтыг авч чадсан нь нүдээ олсон санхүүжилт байлаа.

Улсын аварга ногоочин С.Оюун-Эрдэнийн дүү Хэрлэн сумын бага ангийн багш С.Норовсамбуу тус суманд 5 га газар худалдан авч энэ жил анх удаа тарвас нутагшуулан тариалжээ. Одоогоор 30 тонн тарвас хураан авч бусдадаа үлгэр дуурайлал үзүүлээд байна.

Өнгөрсөн жил улсад түрүүлсэн н.Амархааны туршилгыг судалж, Хэнтий аймагт тарвасыг нутагшуулах боломжтой гэж үзээд 1 га газарт тарвас тариалан ургац арвин авч чадсан нь Мөрөнгийнхөн төмс, хүнсний ногоо тариалаад зогсохгүй төрөл бүрийн ногоог тариалах боломжтой гэдгийг харуулсан онцгой үйл явдал байв.

 

Холбоотой мэдээ