Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-09 16:20:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 256 дугаар цэцэрлэгийг өнөөдөр нээлээ.


Тус цэцэрлэг 200 хүүхэд хүлээн авах боломжтой, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Үлэмж биз” ХХК барьж, 8 бүлэгт 330 хүүхэд, 38 багш ажиллагсадтай ажиллаж эхэллээ. 

Цэцэрлэгийн нээлтэд нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга Л.Буянтогтох, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэлд 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадлыг 15500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж. 2016 оны 8 дугаар сард нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн 69 хувь хамрагдаж байсан бол өнөөдөр 84 хувьд хүргэхээр ажиллаж байна. Энэ онд шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж буй 73 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамрагдалтыг 85-аас дээш хувьд хүргэх бололцоо бүрдэх юм.

Холбоотой мэдээ