Хувийн компаниуд орон сууцны өрлөгийн технологид зөрчил гаргажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-09 13:27:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хувийн хэвшлийн компаниудын барьж буй орон сууцны зориулалттай барилгын чанарт хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус аймагт Дарви өргөө, Цац Гурван хайрхан, Саруул цамхаг, Бүрэнхайрхан, Шинэ асар, Гранд пускал, Рламбинг, Эрдэнийн шим ХХК зэрэг компани өөрийн  хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга барьж байна.

Эдгээр барилгын ажлын чанар, гүйцэтгэл, бүтээн байгуулалтын явцад хийсэн хяналт шалгалтаар барилгын зарим хэсэгт өрлөгийн чанарын стандарт зөрчигдсөн, өрлөг өрөлтийг буруу өрсөн, ажиллах хүн хүч цөөн, зарим нь барилгын инженергүй, арматур зангидах, боолт, цутгамал зэрэг ажилд стандарт зөрчсөнбарилгын зураг төслөөс зөрүүтэй зэрэг нийтлэг дутагдал илэрчээ. Эдгээр зөрчил дутагдлыг газар дээр нь засаж, залруулах талаар гавьяат барилгачин Р.Цэдэнбал зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн барилгын компаниудад нийлүүлж байгаа бүтээгдэхүүн даацын хавтан уналттай, тоосго хагаралт ихтэй байгаа нь нийлүүлэгч компаниуд барилгын материалын чанар, стандартад анхаарах шаардлагатай болохыг харуулж байна гэж  мэргэжилтнүүд хэллээ.

Түүнчлэн хувийн хэвшлийн компанийн барилгын ажлын талбайн зохион байгуулалт эмх цэгцгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хувцас, малгай хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчил ажиглагдаж байгаа учраас  мэргэжлийн байгууллага, барилга хариуцаж буй компанийн захирлууд хяналт тавьж ажиллах, хяналтыг өндөржүүлэх, хариуцлагажуулах шаардлагатай байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэв.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн төвийн "Цагаан уул" ахмадын цогцолборын дэргэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Хишиг өвлөмж ХХК-ийн Спорт цогцолборын барилгын суурь, баганын ажлын явцтай танилцаж, аяган суурь нэг түвшинд хийх, барилгын хаалгыг аль хэсэгт нь гаргавал зохимжтой талаар ярилцаж, улмаар барилгын зураг дээр дахин ажиллах санал гаргалаа.


Холбоотой мэдээ