Оффшорын дуулианыг дэлгэсэн байгууллагыг санхүүжүүлдгээ АНУ хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-08 08:39:53

ВАШИНГТОН. /TASS/. “Панамын баримт бичиг”-ийг хэвлэлүүдэд дэлгэх ажлыг зохион байгуулахад АНУ-ын Засгийн газар оролцоогүй гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер мэдэгджээ.

“Энэ баримт бичгийг олон нийтэд дэлгэхэд бид /Америкийн эрх баригчид/ ямар нэг байдлаар оролцсон гэх мэдээллийг няцааж байна” гэж АНУ-ын Гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч хэлсэн байна. Тэрбээр "Панамын баримт бичиг”-ийг олонд дэлгэсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгэнд тайлбар хийх хүсэлтэд ийм хариулт өгчээ.

Үүний сацуу Тонер “Панамын баримт бичиг”-ийг хэвлэн нийтлэхэд оролцсон төрийн бус байгууллагуудын нэгийнх нь үйл ажиллагааг АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ордог Олон улсын хөгжлийн агентлаг үнэхээр санхүүжүүлдэг болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийм мэдээлэл өмнө нь "Wikileaks" цахим хуудсанд гарсан юм.

Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын засаг захиргаа “Панамын баримт бичиг”-ийн агуулгын талаар урьдаас мэдэж байсан эсвэл чухам алийг нь олон нийтэд дэлгэхийг сонгож, баримт бичгийг засварлахад оролцсон гэх мэдээллийг эрс няцаажээ.

Д.Жаргал

 

 


 

Холбоотой мэдээ